АНУ-ын Төрийн департамент 50 улсын иргэдээс АНУ-д зорчих виз мэдүүлэх үед 20 мянган ам.доллар хүртэлх барьцаа шаардах хөтөлбөрийг байнгын болгохоор болжээ. Энэ тухай АНУ-ын Холбооны бүртгэлд баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.
Уг журам нь бизнесийн зорилготой B1, аяллын зориулалттай B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарах бөгөөд консулын ажилтан тухайн виз мэдүүлэгчээс барьцаа шаардах эсэх болон хэмжээг тогтоох эрхтэй байна. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Монгол Улс визийн барьцаа шаардлагатай 50 улсын жагсаалтад багтсан бөгөөд манай улсын иргэдэд уг журам 2026 оны дөрөвдүгээр сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн байна. Тус хөтөлбөрийг анх 2025 онд туршилтын журмаар хэрэгжүүлж, визийн нөхцөлийг мөрдүүлэхэд үр дүнтэй хэрэгсэл болохыг тогтоосон гэж АНУ-ын эрх баригчид үзжээ. Туршилтын үед консулын ажилтнууд 5,000, 10,000 болон 15,000 ам.долларын барьцааны аль нэгийг шаардах боломжтой байсан бол шинэ эцсийн журмаар 5,000 ам.долларын хувилбарыг хасаж, дээд хэмжээг 20,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн байна.
Визийн барьцаа шаардлагатай 50 улсын жагсаалтад Африкийн орнуудын дийлэнхээс гадна Монгол, Киргизстан, Тажикистан, Туркменистан, Непал, Гүрж зэрэг улс багтжээ.
Гэхдээ жагсаалтад багтсан улсын бүх иргэн автоматаар 20 мянган ам.долларын барьцаа төлөхгүй. Консулын ажилтан тухайн виз мэдүүлэгчээс барьцаа авах эсэх, шаардлагатай тохиолдолд хэдий хэмжээний барьцаа шаардахыг тус тусад нь шийдвэрлэнэ.