Манай улсад коронавирусийн халдвар авч өвдөж буй иргэдийн тоо өдөрт 2 мянга орчим бүртгэгдэж, нийт 1587 иргэн /2021.10.24-ны байдлаар/ тус халдварын улмаас амиа алдаад байна гэж Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас мэдээлсэн.
Товчхондоо, манай улсын ихэнх иргэд буюу 2 сая гаруй хүн коронавирусийн эсрэг вакцины II тундаа хамрагдсан ч халдвар буурахгүй байгаа нь Олон улсын анхаарлыг татаж байгаа юм.
-ДҮҮРЭН ЗОРЧИГЧТОЙ 10 ОНГОЦ СҮЙРСЭН ХЭМЖЭЭНИЙ ХҮН МОНГОЛД КОРОНАВИРУСИЙН УЛМААС АМИА АЛДААД БАЙНА-
Тэгвэл, Монгол Улсад өнгөрсөн 7 долоо хоног /2021.10.17-24/-т нийт 133 иргэн коронавирусийн улмаас амиа алджээ. Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт дүүрэн зорчигчтой нэг онгоц сүйрсэн хэмжээний хүн тус халдварын улмаас манай улсад амиа алдсан гэсэн үг. Харин ЭМЯ-ны мэдээлж буйгаар нийт 1587 иргэн буюу 10 онгоц сүйрсэн хэмжээний хүн коронавирусийн халдварын улмаас одоогоор амиа алдаад байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.
Мөн коронавирусийн улмаас амиа алдсан иргэдийг тоог ЭМЯ-наас дарж, цөөлж, худал мэдээлж байна гэж хардах иргэд ч олон байна.
Гэтэл, “БНХАУ-д өнгөрөгч долоо хоногт коронавирусийн улмаас амиа алдсан нэг ч иргэн байхгүй, тухайлбал баасан гараг /2021.10.24/-т тус улсын хэмжээнд нийт 50 орчим коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Тодруулбал, БНХАУ-ын Ланжоуд 5 , Жанед 3 , Жяюугуанд 1, Ниншяд 9, Вөжунд 1 , Инчуанд 12, ӨМӨЗО-ны Шилийн гол 1 , Альша 10” гэж албаны эх сурвалж бидэнд мэдээлсэн юм.
-МОНГОЛЧУУДАД ХИЙЖ БУЙ ХЯТАД ВАКЦИН ХАЛДВАРЫН ЭСРЭГ ҮР ДҮНТЭЙ БУС, ХАРИН ӨВЧИЛСНИЙ ДАРААХ ХҮНДРЭЛЭЭС СЭРГИЙЛНЭ-
Харин Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газрын амжилттай хэрэгжүүлсэн нэг ажил нь “коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хүн амынхаа ихэнхийг хамруулсан” гэж зарим эх сурвалж дүгнэх нь бий. Үнэндээ манай улсын хүн амын ихэнх нь БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн вакцинд хамрагдсан.
Гэтэл, АНУ-ын “Нью Йорк Таймс” /New York Times/ сонины албан ёсны сайтад “Синофарм вакцинаар хүн амынхаа ихэнхийг вакцинжуулсан Монгол Улсад халдварын тохиолдол нэмэгдэж байна” гэсэн нийтлэл өнгөрөгч зургадугаар сард гарсан. Туснийтлэлд, Хонконгийн Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн тархвар судлаач Бен Коулинг “Синовак, Синофарм зэрэг вакцинууд халдварын эсрэг төдийлөн үр дүнтэй бус харин халдвар авсны дараа хүндрэхээс маш сайн хамгаална. Хэдийгээр Монгол Улсад халдвар, тохиолдол нэмэгдсэн ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд тийм ч их биш байгаа гэж найдаж байна" гэсэн байдаг. Цаашлаад тус нийтлэлд, “Монголын Засгийн газар илүү үр дүнтэй болох нь батлагдсан вакцины оронд яагаад “Синофарм”-д найдах болсон вэ гэдэг асуулт гарч байна” гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.