Ж.Сүхбаатар: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахыг дэмжихгүй

Ж.Сүхбаатар: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулахыг дэмжихгүй

Төрийн байгууулалтын байнгын хорооны өнөөдөр /2021.10.20/-ийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Уг хуулийн төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулахаар тусгасан. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, "Эдийн засаг, хөгжлийн яамыг байгуулах асуудал 2016 оноос хойш яригдсан. Энэ яам ядаж гурван чиглэлд төвлөрч ажиллаасай гэж хүсч байна. Нэгт, салбар хоорондын бодлогыг нэгдмэл байдлыг хангах. Хоёрт, нэгдмэл бодлогыг орон нутаг, бүсийн бүх түвшинд хүргэж, хэрэгжүүлэх. Гуравт, төсөв санхүүгийн асуудлыг дунд, урт хугацаандаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Өргөн барьсан төсөлд дээрх гурван асуудал ядмаг тусгагджээ. Агентлагийн эрх, үүргийг л яам болгож байна. Ц.Нямдорж сайд хэлэлцүүлгийн явцад сайжруулаад, өөрчлөх боломжтой гэж хэлж байна. Өнөөдрөөс юу ч өөрчлөгдөхгүй, Монгол Улсын хөгжилд ахиц дэвшил гарахгүй бол хэрэггүй шүү дээ. Энэ талаас нь сайжруулах хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгийг үрэх яам бол хэрэггүй. Гадаад худалдааны асуудлыг Эдийн засаг, хөгжлийн яам руу төвлөрүүлэх шаардлагатай. Сангийн яамнаас эдийн засгийн хөгжлийн санхүүжилтийг, УУХҮЯ-наас мөн асуудлуудыг салгах авах нь зөв. Хүчтэй яам Засгийн газарт хэрэгтэй" гэв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Данхар төрөөс ухаалаг төр гэж их ярьж ирсэн. Яг бодитой ажил хийсэн үү гэвэл чамлалттай. Одоогийн Засгийн газрын үед ковидын нөхцөл байдлын хүнд үед цахим шилжилтийг амжилттай хийж байгаа. Тийм учраас Цахим бодлогын яам байгуулахыг дэмжиж байна.

Харин Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах нь үндэсний хөгжлийн бодлого төлөвлөлт, макро эдийн засаг, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилготой гэгдэх. Үүнийг одоо Ерөнхий сайд хариуцаж ажилладаг. Тэгэхээр тэргүүн Шадар сайд гэсэн орон тоо гаргах эсвэл Шадар сайдын түвшинд хариуцаж болно. Учир нь энэ яам бүх асуудлыг хариуцах гээд байна шүү дээ. Агентлагаа яам болгох нь зорилтоо хангахгүй. Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалтын зөрчил болон ажлын давхцал энэ тэрийг сайн зохицуулах ёстой" гэсэн юм.