Энэ долоо хоногт МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны бага хурал болж, талцал хуваагдал, хэрүүл тэмцлийн дунд болж өндөрлөсөн талаар бид мэдээлсэн.
Энэхүү үйл явдлыг зарим эх сурвалжууд, “Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бодлого зөрөлдөж эхэлсэн хэмээн дүгнэж буй бол, зарим нь ирэх намар болох МАН доторх улс төрийн том зөрчлийн эхлэл” гэж тайлбарлаж байна. Ямартай ч тус хурлаар НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичиг тэргүүтэй залуусаа томилоод өндөрлөсөн байгаа юм.
Тэгвэл М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болж, өнөөдрийг хүртэл УБЕГ-ын мэдээллийн санд “намын даргаар нь С.Эрдэнэ” бүртгэлтэй байгаа АН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны хэсэг залуус Говь-Алтай аймагт очиж, ирэх Баасан, Бямба гараг /2021.08.20-21/-т холбооны Их хурлыг хийж, дараагийн Ерөнхийлөгчөө сонгохоор явцгаасан байна.
Тодруулбал, АН-ын дэргэдэх АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд “үүрэгт ажлаа өгч, улс төрөөс хөндийрч буйгаа зарлах” аж.
Иймд О.Цогтгэрэлийн АН-ын хэсэг залуус “АЗХ-ны Их хурал”-ыг нь Говь-Алтай аймагт хийж, С.Эрдэнэболдоос ажлыг нь авахаар явжээ. Иймд нөгөө талаас нь тус хурлыг бужигнуулж, дүрмийн биш гэж зарлахаар хэсэг залуус ч Говь-Алтай аймгийг зорьсон байна.
Товчхондоо, АН-ын залуус Говь-Алтай аймагт очиж хэрэлдэхээр явсан гэсэн үг юм.
Энэ нь 8 жил гудамжинд лааз өшиглөж, хүч тамираа бараад байгаа АН-д бас л хэрүүлийн алим тарих бололтой. Сонирхуулахад, С.Эрдэнэболд АЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо нийт гишүүдийн дунд сунгааны үр дүнд тодорч байсан аж. Харин энэ удаа Говь-Алтай аймагт очсон хэсэг залуусыг зааланд цуглуулж, санал хураагаад, дараагийн Ерөнхийлөгчөөр М.Амгаланбаатар сонгохоор тогтжээ. Иймд АН-ын нөгөө тал нь “дүрэм зөрчиж байна” гэх хэрүүлийг эхлүүлээд байгаа ажээ.