Ардчилсан нам /АН/-ын даргыг тодруулах дотоод сонгуулийг хоёр талдаа хийж тус нам М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр даргатай болоод буй.
Гэтэл УБЕГ болон СЕХ С.Эрдэнэ болон М.Тулгат нарын тэргүүлж буй АН-ыг албан ёсных гэж үзэн Ерөнхийлөгч болон УИХ-ын нөхөн сонгуульд оролцуулахаар болоод буй. Харин Улсын дээд шүүх дээрх хоёр эрхмийн хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзаж, “Улс төрийн намын тухай хууль”-ийн дагуу намын дотоод маргаанд оролцохгүй гэж буй. Иймд АН-ын даргаар өнөөдрийг хүртэл С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа юм.
Харин ирэх аравдугаар сард УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгууль болох гэж буй тул АН-аас УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандаж уриалга гаргасан байна.
Тус. уриалгад, “Ардчилсан намыг хоёр хуваагдсан, талцсан мэтээр харагдуулах улс төрийн үйл явц нийгэмд урт хугацаанд явагдсан нь цаг хугацааны шалгуураар ил болж байгаа тул Ардчилсан нам доторх эв нэгдлээ эрхэмлэн, хамтарсан уулзалтууд зохион байгуулж, төрийн сонгуульд нэгдэн оролцохыг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн О.Цогтгэрэл Танд сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахаар ажиллаж буй ажлын хэсгийн зүгээс уриалж байна” хэмээжээ.