Жо Байден: Афганистаны цэргүүд өөрсдийнхөө төлөө тэмцээгүй атал Америк цэрэг оронд нь хохирч болохгүй

Жо Байден: Афганистаны цэргүүд өөрсдийнхөө төлөө тэмцээгүй атал Америк цэрэг оронд нь хохирч болохгүй

Энэ наймдугаар сарын 15-ны өдөр /2021.08.15/ Талибан зэвсэгт хөдөлгөөнийхөн Афганистан улсын нийслэл Кабул хотод нэвтрэн Засгийн газрын ордныг эзэлснээр 20 жилийн дайнд ялалт байгуулж, өөрсдийн “Исламын Эмират Афганистан улс”-ыг байгуулахаар болсон гэдгээ дэлхий дахинд зарласан билээ.

Үүнээс хойш тус улсад эмх замбараагүй байдал ноёрхож улсаасаа дүрвэхийг хүссэн олон зуун иргэн Кабулын нисэх онгоцны буудалд ирээд байсан ч өнгөрсөн ням гарагт Кабулаас бусад бүх орон руу нисэх нислэгийг цуцалсан юм. 

-АФГАНИСТАНААС АНУ-ЫН БҮХ ХҮЧИЙГ ГАРГАСАН ЖО БАЙДЕН ИХЭД ШҮҮМЖЛҮҮЛЭВ-

Эмх замбараагүй байдлын улмаас тус улсаас бусад улс орон элчин сайдын яам болоод өөрсдийн иргэдээ татаж эхэлсэн. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Талибанчууд ялалт байгуулснаа зарласны дараа Афганистанаас АНУ-аас гарах бүх цэргийн хүчээ бүрэн татахаар болсон юм. Тэрбээр, “Афганистаны цэргүүд өөрсдийнхөө төлөө тэмцэхийг хүсээгүй байтал Америкийн цэргүүд тэдний өмнөөс дайнд орж амь насаараа хохирч болохгүй” гэсэн ба мөн өөрийн цахим хуудаснаа  “Миний энэ шийдвэрт шүүмжлэлтэй хандахыг мэдэж байна. Гэхдээ би энэ бүх шүүмжлэлийг хүлээж авсан нь дээр. Энэ бол манай улсын ард түмний хувьд болон амь насаа эрсдэлд оруулсан зоригтой албан хаагчдын хувьд, Америкийн хувьд хамгийн зөв сонголт юм” гэсэн байна.

Харин энэ талаар НҮБ-ын тэргүүн дэлхийн улс орнуудад Афган дүрвэгсдийг хүлээн авахыг уриалсан ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, “Афганистаны ард түмнийг орхихгүй байхыг олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэж байна” гэжээ.

Тэрбээр твиттер хуудаснаа, “Дэлхий нийт Афганистанд болж буй үйл явдлыг зүрх сэтгэлээрээ ажиглаж байгаа тул бүх улс орнуудыг Афган дүрвэгсдийг хүлээн авч, албадан гаргахаас татгалзахыг хүсч байна. Афганчууд үе үеийн дайн, бэрхшээлийг мэддэг. Тэд бидний бүрэн дэмжлэгийг хүртэх ёстой. Одоо бол эв нэгдэлтэй байх цаг” гэсэн байна.

НҮБ -ын дүрвэгсдийн агентлагийн тооцоолсноор энэ жил 400,000 орчим Афганичууд байлдааны улмаас дотооддоо дүрвэсэн гэх тоо гарчээ. Харин зарим улс орнууд дүрвэгчдийн квотын хүрээнд тус улсын иргэдийн хүлээж авахаа мэдэгдсэн байгаа бөгөөд Канад улс эмэгтэйчүүдийг оролцуулаад эмзэг бүлгийн 20 мянган хүнийг хамруулна гэсэн юм. Мөн НАТО-ийн хэд хэдэн гишүүн орнууд тус улсын иргэдийг албадан гаргахаа зогсоож, хүлээж авахаа мэдэгджээ.