УИХ-ын нөхөн сонгууль зарлаж, улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж буй энэ цагт АН-ын тамганы төлөөх дотоод зөрчил дахин эхлээд байгаа бололтой.
Тодруулбал, УБЕГ-ын бүртгэлд АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй байгаа бөгөөд М.Тулгат болон О.Цогтгэрэл нарын хэнийг ч, тус намын даргаар Улсын дээд шүүх бүртгээгүй байгаа юм.
Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, “АН-ын 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулж, тус намыг нэгтгэнэ” гэж мэдэгдсэн. Түүний тус үйл явдлын цаад зорилго нь Б.Пүрэвдорж АН-ын дарга болох хүсэлтэй гэж зарим эх сурвалжууд мэдээлж буй.
Тэгвэл өнөөдөр /2021.08.16/ АН-ын залуучуудын нэг Б.Амгаланбаатар, тус намын одоо байрлаж буй “Шонхор таур” барилгын гадна мэдээлэл хийж, “С.Эрдэнэ нь 1998 онд "Төгс Эрдэм" гэдэг төрийн бус байгууллагыг байгуулсан. Ингээд тус төрийн бус байгууллагын нэр дээрээ Шонхор таурын барилгын газрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих зориулалтаар анх авсан байдаг. 2014 онд энэ барилгыг ашиглалтад оруулахдаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга учраас зориулалтын шат, талбай хэрэгтэй гэж хэлээд метр квадратыг томруулж 601 метр квадрат болгож авсан байдаг. Тиймээс бид хотын даргад шаардлага хүргүүлэхээс гадна Авлигатай тэмцэх газарт хандаж уг газрыг яаж авсныг нь шалгуулна.” гэж мэдэгдсэн.
Тэгвэл тус хэвлэлийн хурлын цаад эзэн нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байж болзошгүй гэж АН дотор яригдаж эхэлжээ.
Учир нь тус хэвлэлийн хурлыг МАН болон О.Цогтгэрэлийн зүгээс нөхөн сонгуулийн угтан хийж улс төрийн нэг сөрөг сурталчилгаа гэж үзэх иргэд цөөнгүй байсан юм. Гэтэл тус хэвлэлийн хурал АН-ын тамганы төлөөх дотоод зөрчил байсан бололтой.