Бямба гараг/2021.08.14/-т Гаити улсад 7,2 баллын хүчтэй газар хөдөлж, 300 гаруй хүн нас бараад байв. Тэгвэл өнөөдрийн/2021.08.16/ байдлаар нас барагсдын тоо 1297-д хүрчээ. Одоогоор нурангаас амьд үлдэгсдийг хайх ажиллагаа үргэлжилж байна. Цаашид амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Шархадсан хүмүүсийн тоо 5700-д хүрч, эмнэлгийн ачаалал эрс ихэсжээ. Мөн зарим эмнэлэгт хангамж дууссан байна. Улмаар тус улсын Ерөнхий сайд Ариэл Хенри нэг сарын хугацаатай онц байдал зарлаж, хүн амаа "нэгдэхийг" уриалав.
Газар хөдлөлтийн голомт Сен-Луис ду Суд хотоос 12 км-ийн зайд байна хэмээн АНУ-ын Геологийн алба (USGS)-аас мэдээлсэн. Гэвч чичиргээ нь 125 км-ийн зайд хүн ам шигүү суурьшсан нийслэл Порт-о-Пренс болон хөрш зэргэлдээ орнуудад мэдрэгджээ.
Байгалийн гамшгийн улмаас хүнд байдалд ороод буй тус улсад АНУ туслахаа мэдэгдсэн. Мөн хөрш зэргэлдээ Доминиканы Бүгд Найрамдах Улс хоол хүнс, эмнэлгийн тоног төхөөрөмж илгээх санал тавьсан бол Кубаас 250 эмчээр тусалжээ.
Эх сурвалж: BBC