Ливан улсад шатахууны сав дэлбэрч, 20 гаруй хүн амиа алджээ 

Ливан улсад шатахууны сав дэлбэрч, 20 гаруй хүн амиа алджээ 

Өнөөдөр өглөө Ливаны хойд хэсэгт орших Аккар мужид шатахууны сав дэлбэрч, 20 гаруй хүн амь үрэгдэж,  79 хүн шархадсан байна. Ойрын өдрүүдэд тус улсад шатахууны хомсдол үүсэж,  станцуудад урт дараалал бий болоод байсан юм. Дэлбэрэлт болох үед ойролцоогоор 200 орчим хүн байсан гэж гэрчүүд мэдээлжээ. Амиа алдсан хүмүүсийн дунд арми, аюулгүй байдлын ажилтнууд байсан аж. 

Хэргийн газар байсан эх сурвалжууд “хүмүүс шатахуун авахын тулд бөөгнөрч, хоорондоо маргалдан, бензиний сав руу буудсаны улмаас дэлбэрсэн” гэж мэдээлжээ. Мөн орон нутгийн Аль-Жадид телевизийн суваг “нэг иргэн асаагуур асааснаас дэлбэрэлт” болсон гэж мэдээлсэн байна. Гэвч одоогоор дэлбэрэлт юунаас болсныг эцэслэн тогтоогоогүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Эх сурвалж: CNN