Фэйсбүүк компани вакцин эсэргүүцсэн суртал ухуулга явуулдаг Оросын цахим хуудсуудыг сүлжээнээсээ хаслаа

Фэйсбүүк компани вакцин эсэргүүцсэн суртал ухуулга явуулдаг Оросын цахим хуудсуудыг сүлжээнээсээ хаслаа

Цахим орчинд зохион байгуулалттайгаар худал мэдээ тараах явдал коронавируст халдварын улмаас эрчимжсэн байдаг. Тэгвэл Фэйсбүүк компаниас коронавирусийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл түгээдэг фэйсбүүк, инстаграм сүлжээн дэх хуудсуудыг хааснаа зарлалаа.

Хуурамч мэдээлэл түгээдэг цахим хуудсуудыг Их Британид бүртгэлтэй маркетингийн компаниар дамжуулан Оросоос удирддаг байсныг мэдээлсэн юм.

Улмаар Их Британид төвтэй маркетингийн AdNow компанийн охин компани болох Fazze-д дээрх хуудаснууд харьяалагдаж байсныг илрүүлсэн байна.  Фэйсбүүк компани “Fazze-аар дамжуулан Оросоос удирддаг Фэйсбүүкийн 65, Инстаграмын 243 хуудсыг бид хаалаа” хэмээн мэдэгдлээ.  Ингээд Fazze компани цаашид Фэйсбүүкийг үйл ажиллагаандаа ашиглах эрхгүй болсон байна. Мөн хаагдсан суртал нэвтрүүлгийн сүлжээ нь голцуу Энэтхэг, Латин Америк, зарим тохиолдолд АНУ-ын хэрэглэгчид рүү Европд үйлдвэрлэгдсэн вакцины талаарх худал мэдээг тараах ажиллагаа явуулж байсныг илрүүлжээ.