СУРВАЛЖИЛГА: "Агаарын ресторан" зөвхөн зоог барих бус нэг төрлийн экстрем аялал аж

СУРВАЛЖИЛГА: "Агаарын ресторан" зөвхөн зоог барих бус нэг төрлийн экстрем аялал аж

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Хатан туул гол, Богд хан уулын энгэрт тухлангаа  өндрөөс хотыг тольдох боломжтой үйлчилгээ шинээр нэвтэрчээ.  Энэ нь "Тэнгэр дэх Улаанбаатар" хэмээх ресторан юм.

Учир нь хоолны ширээнд тухлахдаа 20-45 метрийн өндөрт гардаг тул тэнгэр дэх Улаанбаатар хэмээн нэрийджээ. Биднийг тус газарт очиход агаар дээрх ресторанд орох замыг заасан улаан хивс угтан авсан юм. Захиалга өгсөн тохиолдолд зөвхөн хоол идээд зогсохгүй сонирхолтой хөтөлбөрүүдтэйгээр цагийг хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүлэх боломж бүрдэх аж. Хоолны цэсэнд шилдэг тогоочийн олон төрлийн хоол, коктейл, амттан байхаас гадна амьд болон сонгодог хөгжмийн тоглолт,стэнд ап комеди үзүүлбэрийг сонголтоороо захиалах боломж бий аж.

 -"АГААРЫН РЕСТОРАН"-Ы ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ-

Арабын Нэгдсэн Эмиратад агаар дээр хөвж буй мэт харагдах ресторан ажилладагыг бид интернэтээс л үзэж байв. Харин энэ үйлчилгээг UB in the Sky рестораны хамт олон монголдоо анх удаа нэвтрүүлжээ. Энэ нь зөвхөн оройн зоог бус нэг төрлийн эктрем аялал бүхий үйлчилгээ аж.

Агаарын ресторанаар хэрхэн үйлчлүүлэх вэ?

  • Эхлээд бүртгэлийн хэсэг угтаж лоунж, хүлээлгийн хэсэгт очно. Энд улаан хивсээр алхаж сонирхолтой зураг даруулах боломжтой юм.
  • Хувийн бэлтгэлээ хангаж бэлэн болмогц ажилтнууд таныг суудалд суулгаж, аюулгүйн бүс ашиглахад тусална. Бүх зочдыг аюулгүйн бүсээ бэхэлсний дараа өргөгч кран хооллох ширээг аажмаар 20-45 метрийн өндөрт өргөж зогсдог байна.           

 -АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАНГАДАГ ВЭ-              

Агаарын ресторан нь уртаараа найм, өргөнөөрөө дөрвөн метр хэмжээтэй аж. Хоолны асрын дээврээс найман төмөр утсан дүүжин бэхлэгдсэн байдаг. Мөн  дээврээс бэхэлсэн олс бүр дөрвөн тоннын аюулгүй даацтай байдаг гэнэ. Иймээс нэг олс гэхэд агаарын рестораныг  дангаар өргөх чадалтай юм байна. Тэгэхээр жингийн аюулгүй байдал найм дахин баталгаатай гэсэн үг.

Мөн тэдний ашиглаж буй татлага олснууд  ISO 2307 ба EN 12385 стандартын дагуу хийгдсэн ган төмөр гэж онцлов.

Зоогийн ширээг тойруулан 18 хүний суудал байх ба гол хэсэгтээ төвдөө үйлчилгээний ширээ байрлана. Мөн нарны хамгаалалттай хөнгөн, сайн чанарын саравчтай, ISO 9001:2015, ISO 14001:2015,  ISO 4500:2018 стандартын дагуу хийцлэгдсэн материалаар ресторан бүтжээ. Хамгаалалтын бүсний хувьд стандартыг хангасан материалтай ба суудал дээр бүрэн 180  хэм эргэх боломжтой юм байна.

Бид мөн л аюулгүй байдлын стандартыг нэмж тодруулхад UB in the Sky-н зохион байгуулагч И.Анармаа агаарын рестораны бүтэц  нь Германы аюулгүй байдлын EN 13814, Олон улсын ISO 17842-1-2015 стандартын дагуу боловсруулагдсан гэдгийг хэлж байсан юм. Олон нийтийн сүлжээнд кранаар дээшээ өргөхөд аюултай юм биш үү гэсэн санал, сэтгэгдлүүд ихээр цуварч байгаа. Харин рестораны хувьд үйл ажиллагаагаа нээхээс өмнө  агаарын хурд, хөдөлгөөн, хүндийн жин, тавцан дээрх 22 хүний ​​хөдөлгөөн болон бусад олон бүрэлдэхүүн хэсгүүдийг олон удаа туршсан байна. 

                           - ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙХДАА АНХААРАХ ЗҮЙЛС-

Тус ресторанд 12-оос дээш насны хүүхэд асран хамгаалагчийн хамт орж болох юм байна. Мөн аюулгүй байдал, суудлын өндөр, бэхэлгээ зэргээс хамаарч 140 см доош өндөртэй, 120 кг дээш жинтэй хүн орж болохгүй аж. Мөн дээш хөөрөхөд зөвхөн зөвшөөрөгдсөн хэмжээний согтууруулах ундааг авч орж болно. Дээш хөөрөхөөс өмнө согтууруулах ундаа уусан бол суухыг мөн л хориглоно гэлээ. Үүнээс гадна:

  • Жирэмсэн, даралт ихэсдэг, зүрх судасны эмгэг, өндрөөс айх эмгэг, сандрах эмгэг, хэт эмзэг сэтгэл зүйн байдалтай хүн суух,
  • Гал гаргах, тамхи татахыг хориглодог байна.