УИХ-ын 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль аравдугаар сарын 10-ны өдөр болно. Намууд хуульд заасан хугацаанд багтаан өчигдөр /2021.08.10/ тус сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүллээ. Тодруулбал, МАН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, АН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлсэн байна. Харин нэр дэвшигчдээ энэ сардаа багтаан тодорхой болгох хуулийн зохицуулалттай.
-ХЭНТИЙД Н.ЭНХБААТАР, Н.ГАНБЯМБА, Д.ГАНТУЛГА, СХД-Т Ж.САНДАГСҮРЭН, С.МӨНХЧУЛУУН, Н.БАТШУГАР НАР НЭР ДЭВШИХЭЭР ХӨӨЦӨЛДӨЖ БАЙНА-
Гол өрсөлдөгч МАН, АН, ХҮН-аас хэнийг нэр дэвшүүлэх нь олны анхаарлыг татаж буй. Намууд горилогсдын нэрийг одоогоор нууцалж буй бөгөөд өрсөлдөөн ч ширүүн байгаа гэх мэдээлэл байна. Тэгвэл Хэнтий аймагт У.Хүрэлсүхийн туслах, МИАТ-ийн дэд захирал асан Н.Энхбаатар, Хэнтийн аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нар нэр дэвшихээр хөөцөлдсөн байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Энхбаярын хүү Батшугар, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нар амбицлажээ. Гэхдээ МАН-ын удирдлагууд эцсийн шийдвэрийг гаргачихсан бөгөөд Н.Энхбаатар, Ж.Сандагсүрэн нарыг нэр дэвшүүлэхээр тохирсон гэх мэдээллийг эх сурвалж өгөв.
-ХЭНТИЙД У.ХҮРЭЛСҮХИЙН, СХД-Т Д.СУМЪЯАБАЗАРЫН БАГ АЖИЛЛАХ НЬ-
- Хэнтийд горилж буй Н.Энхбаатарын хувьд У.Хүрэлсүхийг эртнээс дагасан бөгөөд Шадар сайд байхад нь туслахаар нь ажиллаж байсан юм. Тэднийг маш сайн харилцаатай, ойр дотны гэж улс төрийн хүрээнд ярьдаг. Н.Энхбаатар нь МИАТ-ын дэд захиралд дэмжүүлсэн ч тун удалгүй 600 сая төгрөгийн авлигын хэрэгт нэр холбогдон шалгагдаж ажлаасаа чөлөөлөгдөж байсан түүхтэй. Хэнтий аймаг бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын сонгогдсон тойрог. Тэгэхээр нөхөн сонгуульд Н.Энхбаатарыг нэр дэвшүүлж буй нь ерөөс У.Хүрэлсүхийн бодлого бөгөөд Ерөнхийлөгчийн баг ажиллах нь гэж харагдаж байна.
- Н.Ганбямбын хувьд УИХ-ын гишүүн, Хэнтий аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд албан тушаалын онгорхой, цоорхой яригдах бүрт наана, цаана идэвхтэй гүйдэг нэгэн гэлцдэг. Харин УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн гэмт хэргээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм. УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, шүүхээр шийтгүүлсэн ч улс төрд дахин орох хүсэлтэй байгаагаа намынхандаа ярьж яваа аж.
- Сонгинохайрхан дүүрэгт горилж буй Ж.Сандагсүрэнг Хотын дарга Д.Сумъяабазар эртнээс зүтгүүлж байгаа гэх мэдээлэл бий. Тэд улс төрд ойрын харилцаатай. Ж.Сандагсүрэнгийн хувьд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр олон жил сонгогдсоноос гадна Засаг даргаар ажиллаж одоо Хотын даргын орлогчийн албан тушаалтай байна. МАН-ын тасралтгүй өсч буй карьертай залуусын нэг.
- Харин Н.Энхбаярын хүү Батшугар нь 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшиж байсан. МАХН-ыг Ч.Сайханбилэгийн Засгийн газарт эвсэл болж ажиллах үеэр Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаа дампууруулан байж У.Хүрэлсүхийг дэмжихдээ хүүгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдүүлэхээр тохирсон гэх яриа бий.
- С.Мөнхчулууны хувьд 2016-2020 онд НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах үедээ Хотын даргын өрсөлдөөнд С.Амарсайхантай үзэлцэж явсан нэгэн. Үүнийхээ дүнд намаасаа хөөгдөж 2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт бие даан өрсөлдсөн. Өнгөрсөн жил намдаа буцаж орон ийнхүү нөхөн сонгуульд өрсөлдөхөөр хөөцөлдсөн байна.
Уг нөхөн сонгууль нь Ардчилсан намаас ширүүхэн өрсөлдөөн шаардах нь нэгэнт үнэн боллоо. Учир нь Хууль зүйн сайд Х.Нямбаатарын хүчтэй байгаа Сонгинохайрхан дүүрэг, Ерөнхийлөгчийн баг ажиллах Хэнтийд Ардчилсан нам ухаантай, төлөвлөгөөтэй, нямбай оролцохгүй бол дахин ялагдах хүлээх өндөр магадлалтай. Нөхөн сонгуультай холбоотой дараагийн мэдээллээр бид Ардчилсан намд болж буй үйл явцыг хүргэх болно.