МАН УИХ-ын 18-р тойрог /Хэнтий аймаг/, 28-р тойрог /Сонгинохайрхан дүүрэг/-ийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өнөөдөр /2021.08.10/ хүргүүллээ. УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө буюу өнөөдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой.
Өчигдөр /2021.08.09/ С.Эрдэнийн талын Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд албан бичгээ өгсөн бол өнөөдөр МАН, ХҮН ийнхүү өглөө.
Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар есөн нам эвсэл материалаа өгсөн байна. Тодруулбал, Үндэсний аудитын газарт МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.
Сануулахад, УИХ-ын 18 дугаар тойрог Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр, УИХ-ын 28 дугаар тойрог Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар Хотын даргаар томилогдсон учир ийнхүү нөхөн сонгууль болж байгаа юм.