Рио Тинто компанийн гүйцэтгэж буй Монгол дахь гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн шалтгааныг судалж буй шинжээчдийн бүлэг тус компанийн буруу менежментээс үүдэлтэй гэж тайландаа дурджээ.
“The Wall Street Journal” сэтгүүлээс хянаж үзсэн 157 хуудас бүхий энэхүү тайланд Оюутолгойн орд газрын эзэмшигчид болох “Turquoise Hill Resources Ltd” болон Монголын төрийн өмчит компанийн захиалгаар хийгдэж буй газар доорх уурхайн бүтээн байгуулалтын ажил яагаад хойшлогдсон, мөн зардал өссөн талаар өгүүлсэн байна.
Рио Тинто уурхайд үүсээд буй асуудлуудыг газрын хөрсний болон геотехникийн нөхцлөөс шалтгаалсан гэж таамаглаж байсан. Гэсэн ч тайлангийн үр дүнд уг таамаглалыг няцааж “Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1,4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн нь төслийн геотехникийн асуудалтай холбоогүй” гэжээ.
Улмаар Монголын Засгийн газар Рио Тинтогийн төлөөлөлтэй уулзаж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг танилцуулан, тайлбар өгөхийг, мөн далд уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэхийг шаарджээ.
Харин Рио Тинтогоос “Бид гүний уурхайн ажлыг цаашид эрчимжүүлэх, бүх талуудын эрх ашгийг хангахын тулд Монголын Засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллах болно” мэдэгдэв. Уурхайн анхны үйлдвэрлэлийг 2022 оны 10 -р сард хийхээр төлөвлөж байгаа боловч шинжээчид санхүүжилтийн шинэ гэрээний маргааны улмаас уг зорилтод хүрнэ гэдэгт эргэлзэж байна.
Эх сурвалж: WallStreetJournal