“Алибаба” /Alibaba/ компанийн нэгэн удирдах албан тушаалын ажилтан хүчирхийлэл үйлдсэн тул ажлаасаа чөлөөгдсөн талаар тус байгууллагаас мэдээлсэн байна.
Энэ талаар Блүүмберг агентлаг мэдээлэхдээ олон нийт тус хэргийн талаар шүүмжлэлтэй хандсан тул компанийн дотоод тайландаа тухайн ажилтанг ажлаас нь халах шийдвэр гаргасан хэмээв. Мөн хэрэгтэй холбоотойгоор хоёр удирдах албан тушаалтанг тус компаниас чөлөөлөгдсөн гэсэн мэдээ ч бий.
Тус компанийн нэгэн эмэгтэй ажилтан долдугаар сарын сүүлээр байгууллагынхаа дотоод сүлжээнд албан томилолтоор явж байхдаа даргадаа хүчирхийлүүлсэн тухайгаа бичиж нийтэлсэн байна.
Ажлын байрны хүчирхийлэлд өртсөн гэх эмэгтэй ажилтан хүний нөөцийн хэлтэст гомдол гаргасан ч менежер уг асуудлыг үл тоомсорлож, олигтой хариу өгөөгүй талаар ч нийтэлжээ. Ингээд хохирогчийн нийтлэл Хятадын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараагаар “Алибаба” компани дотооддоо шалгалт хийхээ мэдэгдсэн байна. Мөн хэргийн мөрдөн байцаалтын талаар Жинан хотын цагдаа нар мөн мэдээлэхдээ хохирогчийн хэлснээр хүчирхийлэл хэмээн тооцож мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн гэв.
Эх сурвалж: Bloomberg