Лионель Месси өчигдөр/2021.08.08/ Барселонагаас гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн нь хөл бөмбөг сонирхогчдын ярианы гол сэдэв байлаа. Өдгөө 34 настай тэрбээр цалингийн асуудлаас болж Барсагаас гарч байгаа юм. Учир нь Барса цалингийн хязгаар тогтоож, Месситэй байгуулсан шинэ гэрээг биелүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн.
Энэ талаар тэрбээр “Багтаа үлдэхийн тулд чадах бүхнээ хийлээ. Би өнгөрсөн жил багаасаа явахыг хүсэж, түүнийгээ ч тухайн үедээ хэлж байсан. Гэхдээ одоо багтаа үлдэхийг маш их хүсэж байна. Гэвч боломжгүй болчихлоо. Амрахынхаа өмнө багтайгаа шинэ гэрээгээ тохирчихсон, эргэж ирээд л гарын үсэг зурах үлдсэн байлаа. Эцсийн шийдийг Ла-Лиг гаргасан. Тэд "Үгүй" гэлээ. Харамсалтай байна.
Том тэмцээнд ялагдах, чухал тоглолтод оролцож чадаагүй гээд өмнө нь хэцүү зүйл олон байсан. Гол ялгаатай нь эргэж ирэх галт тэрэг хэцүү зам бүрт байсан. Харин энэ удаа буцах тасалбаргүй галт тэргэнд суучихлаа. Миний амьдралд тохиолдож буй хамгийн гунигтай мөч өнөөдөр тохиолоо” хэмээн уйлжээ.
Барселона клубийн мэргэн бууч Месси өнгөрсөн зун шилжүүлэх хүсэлтээ илгээж, гэрээнийхээ сүүлийн жилд үлдэхийг зөвшөөрсөн. Уг хугацаа 7-р сарын 1-нд дууссан бөгөөд Месси одоо ПСЖ/ Парис Сент-Жермен/ рүү шилжих талаар ярилцаж байгаа аж. Хэрэв тэр зөвшөөрвөл өмнө нь Барсад байсан Неймартай хамт тоглох болно.
ВИДЕО:
Эх сурвалж: CNN