Өнөөдөр /2021.08.08/ Улаанбаатарын 19 цагаас Япон улсад хагас сар гаруй /18 хоног/ хугацаанд үргэлжилсэн "Токио-2020" зуны олимпын XXXII наадам албан ёсоор хөшгөө хаах ёслол болно.
Өнөөдөр орой хүн төрөлхтөн эв нэгдлийг эрхэмлэн 206 улс орны 11 мянга гаруй тамирчид болон оролцогч төлөөлөгчид энэхүү олимпын наадамд оролцож, “Ковид-19” цар тахлыг ялан дийлэх итгэл, сэтгэлийг хүмүүсийн зүрх сэтгэлд бадраасан дэлхийн спортын хамгийн том баяр цэнгэл наадмын бамбар болон Олон улсын олимпын хорооны тугийг 3 жилийн дараа болох “Парис-2024” зуны олимпын XXXIII наадмыг зохион байгуулах Парис хотын Захирагчид шилжүүлэн өгөх хаалтын ёслолыг зохион байгуулна.
Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан 5 дугаар байрт орсон билээ.
Токиогийн олимпын нэг онцлог ялгаа нь хаалтын ёслолд харьцангуй цөөхөн тамирчин, төлөөлөгчид оролцоно. Энэ нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпын тосгоныг орхих журам үйлчилж байгаа билээ.
Энэ олимпын наадамд оролцсон ихэнх тамирчин журмын дагуу нутаг буцаад байгаа юм. Харин тэмцээн, уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд болсон спортын төрлийн тамирчид энэ хаалтын ёслолд оролцох боломжтой юм байна.