Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга ажлаа өгнө гэж мэдэгдлээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Бид ажлаа аваад таван жил болж байна. Спорт бол олимпоос олимпийн хооронд ажлаа дүгнэдэг. Манайхан авах боломжтой 12 эрхээс есийг нь авсан. Есөн тамирчны зургаа нь олимпод анх удаа оролцлоо. Зургаан тамирчны дундаж нас 23. Бид таван жилийн өмнө 18-20 настай залуучуудаар багаа бүрдүүлсэн.
Нийт таван тамирчин медалийн төлөө барилдлаа. Есөн тамирчны найм нь шилдэг наймд шалгарлаа. Медалийн тоо цөөхөн ч залуучуудаа дэмжсэн бодлого барьсан нь зөв байжээ.
Нэгээс олон медаль авах боломж бидэнд байсан. Олимпын эхний гурван өдөр гарааныхаа өмнөх сэтгэл зүй дээр алдсан. Миний хувьд залуучуудыг сонгосондоо баярлаж байгаа. Одоо гуравхан жилийн дараа Парисын олимп болно. Өнөөдрийн залуус ид амжилт гаргах насан дээрээ очно. Бид шигшээ багийг авахад дундаж нас нь 27-28 байсан. Таван жилийн хугацаанд нэлээд залуужуулсан. Шигшээ багийн дараагийн дасгалжуулагч нарт залуу баг бүрдүүлж өгсөндөө сэтгэл хангалуун байна.
Казахстанд болсон олимпийн эрх олгох Азийн тэмцээний үеэр нийт тамирчдын 60 хувь нь “Covid-19”-ийн халдвар авсан. Мөн эрх олгох дэлхийн тэмцээнээр тамирчдын тал нь халдвар авсан. Халдвар авчих вий гэсэн айдастай байсаар олимпод өрсөлдлөө.
Статистик ярихад, 1980 оноос хойш 41 жилийн хугацаанд монголчууд найман удаа олимпод оролцож, нийт дөрвөн удаа медалийн төлөө барилдсан байдаг.
Энэнтэй харьцуулахад бид энэ жил таван удаа медалийн төлөө барилдлаа. Ирээдүй гэрэл гэгээтэй харагдаж байна. Энэ үзүүлэлтээрээ ч манай эмэгтэй баг дэлхийн чансаанд эхний тавд орж байгаа. Ирэх аравдугаар сард дэлхийн аварга байгаа. Аравдугаар сарын ДАШТ-ий дараа ажлаа хүлээлгэн өгье гэсэн байр суурьтай, бодолтой байна. Энэ удаагийн олимпод эрэгтэй багаа медаль авхуулж чадсангүй.
Мэдээж, дараагийн шигшээ багийн багш нартай хамтарч ажиллана. Таван жилийн хугацаанд манай спорт нэлээд хэрүүл маргаантай байсан ч би зөв бодлого барьсны хүчинд залуучуудад ирээдүй байгааг харуулж чадлаа. Бодлогоо зөв барьсан гэж бодож байна.
Би 2019 онд ДАШТ-ий дараа ярилцлага өгөхдөө “Олимпын аварга төрүүлнэ” гэж ярилцлага өгсөн. Өнгөрсөн жил коронавирус гараад бидний төлөвлөгөө их өөрчлөгдсөн. Хүн хэлсэндээ байх ёстой. Олимпын аварга төрүүлж чадсангүй, эрэгтэй багаа медаль авхуулж чадаагүй тул ийм шийдвэр гаргалаа. Энэ бол зөвхөн миний, хувь хүний шийдвэр” гэлээ.
Монголын чөлөөт бөхийн тамирчид “Токио-2020” олимпоос нэг хүрэл медаль дөрвөн V байртай байв.