УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордны гадна 59 дэхь өдрөө сууж буй С.Цэвээн гуайтай уулзжээ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Төрийн ордны гадна 59 дэхь өдрөө сууж буй С.Цэвээн гуайтай уулзжээ

75 настай С.Цэвээн гуай улсаас нөхөн олговор аваагүй байхад нь авсан болгож бүртгэлд оруулсан асуудлыг шийдэж, нэр төрийг нь сэргээж өгөх хүсэлтийг Засгийн газарт тавьж, 59 дэхь өдрөө Төрийн ордны гадна суулт хийж байна. 

Тэрбээр өмнө нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Миний хань 1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 цэргийн онгоцны ослоор нас барсан. Тухайн үед энэ ослоор 30 хүн өөд болсон бөгөөд ар гэрт нь тэр үеийн ханшаар 702,000 мянган төгрөгийн дэмжлэгийг улсаас үзүүлж байсан юм. Гэвч дэмжлэг үзүүлснийг нь аваагүй байхад авсан гэсэн баримт архив шүүлгэхэд гарч ирсэн.

Тэр үед би нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй юм. Иймд эмээ нь өнөөдөр гомдолтой сууна. Нэр төрөө сэргээлгэмээр байна. Мөнгө аваагүй гэдгээ нотлох гэж өмгөөлөгч хүртэл аваад шүүх хурал хийлгэтэл надад нотлох баримт байхгүй болохоор мөнгө авсан гээд хаачихсан.

Шүүх ингээд шийдчхээр надад одоо явах газар байхгүй шүү дээ. Үүнийг төр засагт заавал дуулгамаар санагдаад суулт зарлаад \төрийн ордны гадна\  байна. Өнгөрсөн хугацаанд Нямдорж сайд ирж уулзаад бичиг авсан. Би нарийн шийдвэр гартал энд сууна. Үр хүүхдүүддээ нэр цэвэр үлдэхийн тулд надад өөр зам байхгүй” гэж байсан юм. 

Тэгвэл С.Цэвээн гуайг өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Тэд хоёр дахь удаагаа уулзаж буй бөгөөд өмнө нь зургадугаар сарын 18-нд анх Төрийн ордны үүдэнд уулзаж тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байсан юм. 

С.Цэвээн гуай өнөөдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай уулзах үеэрээ “Гол асуудал мөнгөндөө  биш.  Зовсон шаналсан хүмүүсийн мөнгийг залилсан учраас үнэн мөнийг олохын төлөө явж байгаа юм” гэсэн юм.

Харин УИХ-ын дэд дарга С.Одонтуяа зуны аагим халуунд хоёр сар гадаа суусан С.Цэвээн гуайг төрийн ажил, алба цуглартал сувилалд 14 хоног амрахыг зөвлөж, зөвшөөрүүлжээ. С.Цэвээн гуай сувилалд амраад ирсэний дараа суултаа үргэлжлүүлэх юм байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө