Өнгөрсөн ням гараг/2021.08.01/-т Токио 2020 олимпын наадамд оролцохоор ирсэн Беларусийн хөнгөн атлетикийн тамирчин Спринтер Кристина Циманускаяг эх орон руу нь хүчээр буцаахыг оролдсон хэрэг гарсан.
Тодруулбал, 24 настай Кристина Цимануская өөрийн инстаграм хаягтаа "Беларусийн дасгалжуулагчдын буруугаас олон тамирчин олимпод оролцох боломжгүй болсон” талаар бичсэн юм. Уг шалтгаанаар түүнийг тэмцээнээс хасаж, онгоцны буудалд хүчээр аваачин, нутаг буцаахыг оролдсон ч Цимануская нисэхээс татгалзаж, Японы цагдаа нараас тусламж хүссэн.
Улмаар Циманускаяг Японы эрх баригчид хамгаалалтад авч, НҮБ -ын дүрвэгсдийн агентлаг зэрэг байгууллагууд холбоо тогтоогоод байв. Мөн Олон улсын олимпын хороо/ОУОХ/, Японы эрх баригчид Беларусийн Үндэсний Олимпын хорооноос уг асуудалд тайлбар өгөхийг хүссэн. Тэгвэл ОУОХ-оос уг хэрэгт холбоотой хоёр дасгалжуулагчийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгожээ.
ОУОХ-ны албан ёсны тветтер хуудсанд энэ талаар “Беларусийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Юрий Моисевич, багийн албан тушаалтан Артур Шумак нарыг Токиогийн Олимпын тосгоноос хөөж, наадмын магадлан итгэмжлэлийг нь хүчингүй болголоо” гэж бичсэн байна.
Уг явдал дэлхийн хэмжээний олон улсын байгууллагуудын анхаарлын төвд орж, хэд хэдэн орон Тимановскаяд түр орогнол амлаад байсан юм. Улмаар Тимановская Польш руу дүрвэсэн. CNN Беларусийн шигшээ багтай холбоо барьж тайлбар авахад “Тимановскаяг сэтгэл санаа, сэтгэл зүйн байдлаас болж наадмаас хасагдсан” гэжээ.
Эх сурвалж: CNN