Хүүхдүүдээ зөв өсгөн хүмүүжүүлж буй 10 аавд хүндэтгэл үзүүллээ

Хүүхдүүдээ зөв өсгөн хүмүүжүүлж буй 10 аавд хүндэтгэл үзүүллээ

Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнөөдөр “Бахархалт аав” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь гэр бүлийн харилцаанд болон нийгмийн орчин дахь аав хүний үүрэг, оролцоо, хүлээх хариуцлага, хувь нэмэр, манлайллыг таниулах, түгээх, үлгэр жишээ аавуудыг урамшуулж, алдаршуулах, дэмжих зорилготой юм. Энэ хүрээнд үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, өөрийн эрхэлж буй ажил, мэргэжлээрээ байгууллага, хамт олон, салбартаа манлайлж буй 10 аавд хүндэтгэл үзүүлэв. Тодруулбал,

СПОРТЛОГ ААВ - Чингэлтэй дүүргийн иргэн О.Хос-Эрдэнэ
ХҮМҮҮНЛЭГ ААВ – Сүхбаатар дүүргийн иргэн О.Билэгтөр
ӨНӨР ААВ – Налайх дүүргийн иргэн С.Батзаяа
ОЮУНЛАГ ААВ – Баянзүрх дүүргийн иргэн Э.Эрдэнэмөнх
ӨВ УЛАМЖЛАЛ, ТҮҮХ СОЁЛЫГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ААВ – Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Бүргэд
НӨЛӨӨЛӨГЧ ААВ – Т.Цэнд-Аюуш
ХӨДӨЛМӨРЧ ААВ – Сонгинохайрхан дүүргийн иргэн Р.Батмөнх
ХИЧЭЭНГҮЙ ААВ - Баянзүрх дүүргийн иргэн Т.Цогтбаатар
УРАН БҮТЭЭЛЧ ААВ – Баянгол дүүргийн иргэн С.Батсайхан
АВЪЯАСЛАГ ААВ- Хан-уул дүүргийн иргэн Г.Гал-Очир зэрэг аавыг алдаршуулан дурсгалын зүйлс гардууллаа.

Жил бүрийн наймдугаар сарын 8-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Аавуудын баярын өдрийг 1910 онд АНУ-д санаачилж байв. Харин Монгол Улсад 2005 оноос өнөөг хүртэл 16 дахь жилдээ Жендэрийн үндэсний хорооны гишүүн, Монголын Эрэгтэйчүүдийн холбоо ТББ-ын санаачилгаар улс орон даяар тэмдэглэж байна.

Жендэрийн үндэсний хорооноос 2019 онд монгол эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаарх суурь судалгааг хийж, эрэгтэйчүүдийн өмнө тулгамдаад байгаа салбар дундын олон асуудлыг шийдвэрлүүлэхээр бүх түвшинд хамтран ажиллаж байгаа юм.

Монгол Улс төдийгүй олон улсад Ковид-19 цар тахлын давалгаа үргэлжилж буй энэ цаг үед халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан гэр бүл, байгууллага, хамт олны хүрээнд Аавуудын баярын өдрийг угтан үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, зөв үлгэр дууриалал үзүүлж буй аавууддаа хүндэтгэл үзүүлэх, талархлын үгтэй чин сэтгэлийн мэндчилгээгээ хүргэх зэргээр олон эерэг санаачилгуудыг өрнүүлэх, мөн цахим орчинд энэ талаарх мэдээ, мэдээллийг түгээн, тэмдэглэн өнгөрүүлэхийг Жендэрийн үндэсний хорооноос уриаллаа.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө