Модерна вакцины “бүүстер” тун Дельта хувилбарын эсрэг хүчтэй дархлаа тогтоож байна гэв

Модерна вакцины “бүүстер” тун Дельта хувилбарын эсрэг хүчтэй дархлаа тогтоож байна гэв

Пүрэв гараг/2021.08.05/-т АНУ-ын вакцин үйлдвэрлэгч “Модерна” компани өөрсдийн бүтээсэн вакцины “бүүстер” буюу гурав дахь тун Дельта хувилбарын эсрэг хүчтэй дархлаа тогтоож байгааг зарлалаа.

Судалгаанд оролцогчдод 50 микрограмм “Модерна” вакцины гурав дахь тунг хийсэн байна. Ингэхэд коронавирусийн Дельта болон бусад хувилбараас хамгаалах дархлааны хариу урвал хүчтэй явагдаж, эсрэг биеийн түвшин ч өндөр гарсан байна. Мөн тусгайлан бүтээсэн гурав дахь тунг урьд өмнө нь огт вакцин хийлгээгүй хүнд тарихад хоёр тунгаар вакцин хийлгэсэн хүмүүстэй адил хэмжээнд дархлаа тогтож байжээ.

Хоёр тун вакцины үр дүнд тогтсон дархлаа зургаан сарын дараа буурч буйг эрдэмтэд нотолж буй. Тиймээс вакцин үйлдвэрлэгчид энэ мэт гурав дахь тунгийн туршилтаа аль хэдийн эхлүүлээд байна.

“Модерна” компанийн мэдэгдэлд дурдсанаар “Өвлийн улирал эхлэхээс өмнө гурав дахь тунг хийх хэрэгтэй” аж. Гэсэн ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гурав дахь тунг зөвлөхгүй байгаа. Тодруулбал, ядуу, буурай хөгжилтэй олон орны иргэд эхний тунгаа ч хийлгэж амжаагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: CNBC