Олимпын наадам зохион байгуулагдаж буй Японы Токио хотод цар тахал эхэлснээс хойш коронавируст халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, тус хотод Пүрэв гараг/2021.08.05/-т 5042 хүнээс коронавирус илэрсэн байна. Үүнээс 358 тохиолдол нь Олимпын наадамтай холбоотой байжээ. Өмнөх өдөр буюу Лхагва гарагт 4058 хүнээс халдвар илэрсэн нь мөн л өндөр үзүүлэлт байв.
Мэргэжилтнүүд халдварын нөхцөл байдал цаашдаа улам дордож, наймдугаар сарын 18-ны байдлаар Токио хотод өдөрт бүртгэгдэх тохиолдол 10 мянгад хүрнэ гэж анхааруулж байна.
Дельта хувилбар Японд тархаж байгаа тул Засгийн газар томоохон найман мужид тогтоосон онц байдлыг сунгаад буй. Токио хотод уг онц байдал энэ сарын 31 хүртэл үргэлжилж байгаа юм.
Ерөнхий сайд Ёшихидэ Суга өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр "Халдвар нийслэл хот болон бусад газарт урьд өмнө байгаагүй өндөр түвшинд тархаж байна. Халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр хүнд хэлбэрийн өвчтөнүүдийн тоо нэмэгдсээр байна. Токио хотод бүртгэгдсэн тохиолдлуудын 90 гаруй хувь нь Дельта хувилбараар өвчилсөн байгаа нь санаа зовоож байна” гэжээ.
Эх сурвалж: CNN