Энэ сарын 02-ны өдөр /2021.08.02/ Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газрын /НПГ/ ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн гэрт нэгжлэг хийсэн. Тэгвэл энэхүү ажиллагааны цаана ямар үйл явдал болсныг эх сурвалжийн мэдээллээр хүргэж байна.
-Ш.НЯМДОРЖИЙН ЭХНЭР УЕПГ-ЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР О.С НЬ АТГ-ЫН АЛБАН ХААГЧДЫГ ДАРАМТАЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-
Авлигатай тэмцэх газраас Ш.Нямдоржийг төрийн албан тушаалыг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, авлига авсан, хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх хэрэгт сэжиглэн шалгаж буй бөгөөд үүний хүрээнд гэрт нь нэгжлэг хийсэн нь энэ аж. Мөн түүнийг улс төрчдөөс эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг авдаг байсан байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм.
Нэгжлэгийн үеэр түүний болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь /ах дүү, нууц амраг/ гэрээс их хэмжээний мөнгө, ам долларыг хураан авсан гэх мэдээлэл байна. Мөн гэрт нь нэгжлэг хийж байхад Ш.Нямдоржийн эхнэр УЕПГ-ын хяналтын прокурор О.С нь Авлигатай тэмцэх газрын алба хаагчдыг дарамталж, заналхийлсэн байж болзошгүй байна.
Бас нэг ноцтой асуудал яригдаж буй нь тэрбээр өөрийн хяналт тавьж байсан хэрэгтэнтэй хувийн харилцаа тогтоож албан тушаалын байдлаа ашиглан хэрэгсэхгүй болгосон бөгөөд уг хэрэгт сэтгэцийн эрүүл мэндийн эмч нар холбогдсон байж болзошгүй гэж буй юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар Ш.Нямдорж болон Нийслэлийн прокурорын газрын /НПГ/ орлогч Ц.Насанбат нарыг чөлөөлсөн юм. Шалтгаан нь өмгөөлөгч Б.Баасанцогтын бусдад хахууль өгсөн байж болзошгүй гэх хэрэгт нөлөөлж болзошгүй гэсэн хардлагатай холбоотой юм.