Ардчилсан намаас долоон хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 ээлжит мэдээллээ хийдэг. Энэ удаагийн мэдээллийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр Хэлмэгдэгсдийн хөшөөний хажуугаас хийлээ.
Тэрбээр “Өнөөдөр Монголд эдийн засгийн эрх чөлөө, хүний чөлөөтэй эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсан байна. Гурван зүйлээр жишээ авч яръя.
Нэгдүгээрт, саяхан УИХ-ын дарга Төв банкны Ерөнхийлөгчдийг дуудаж том мөнгөн дэвсгэртийг гаргах үүрэг өглөө. Энэ нь иргэдийнхээ эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж буй явдал юм. Өнөөдөр том мөнгөн дэвсгэрт гаргаснаараа хүмүүсийн аж ахуй, амьдралын асуудал шийдэгдэхгүй. Америк, Англичууд эдийн засгаа үнэ цэнэтэй байлгахын тулд өнөөг хүртэл зоосон мөнгөө хэрэглэж байгаа. Гэтэл том мөнгөн дэвсгэрт гарга гэдэг нь эдийн засаг туйлдчихсан, монгол төгрөгийн ханш уначихсаныг УИХ-ын дарга нь өөрөө хүлээн зөвшөөрч байна. Үүнийг яаж зогсоох вэ гэдэг талаар биш яаж улам цааш явуулах, эдийн засгийн амь, амьсгалыг хураах тухай үүрэг чиглэл өгч байгаа нь харамсалтай юм. Хэрэв энэ чигээрээ явбал нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр худалдаж авдаг болно.
Хоёрдугаарт, “No naadam” санаачилгыг гаргасан иргэдийг Тагнуулаас шалгасан эсэх дуулиан гарлаа. Энэ дээр холбогдох төрийн болон хуулийн байгууллагууд мэдээлэл хийдэг болох ёстой. Цагдаа, прокурорын байгууллагууд өөрсдөө хэвлэлийн албатай. Тэр албаараа дамжуулж иргэдийн дунд үл ойлголцол үүсээд буй асуудал дээр албан ёсны хариуг нь өгч явах хэрэгтэй байна.
Гуравдугаарт, Боловсролын сайд өчигдөр мэдээлэл хийхдээ “Өнөөдөр 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байна” гэдэг аймшигтай зүйл ярьсан. 185 мянган Монголын ирээдүй алга болж байна шүү дээ. Энэ хохирлыг нөхөх бодитой арга хэмжээ ярьсангүй. Боловсролын яам энэ дээр зоригтой, тодорхой шийдвэр гаргах ёстой. Үгүй бол нэг хэсэг нь үнэтэй сургуульд сурч боловсролоо авч явдаг, нөгөө хэсэг нь теле хичээл гэж хоцордог байх ёсгүй" гэв.