Австралийн тамирчид Токиогоос буцах замдаа онгоцонд архидан согтуурч, танхайрчээ

Австралийн тамирчид Токиогоос буцах замдаа онгоцонд архидан согтуурч, танхайрчээ

Токио 2020 наадмаас Австралийн зарим тамирчид эх орондоо буцах замдаа нислэгийн үеэр архидан согтуурсан талаарх гомдлыг Японы Japan Airlines компани гаргажээ.

Хөлбөмбөг, рэгбигийн багийн тамирчид Токиогоос Сидней хүрэх 10 цагийн нислэгийн үеэр архидан согтуурч, бусад зорчигчдын тав тухыг алдагдуулсан учир Japan Airlines компани Австралийн Үндэсний олимпын хороонд гомдол гаргасан байна.

Мөн тамирчид нисэх багийн ажилтнуудын шаардлагыг үл хайхарч, онгоцонд хадгалагдаж байсан согтууруулах ундааг хүчээр булаан ууцгаасан байна. Улмаар зарим нь бөөлжиж, онгоцны бие засах өрөөг бохирдуулсан тухай Japan Airlines компанийн гомдолд мэдээлжээ.

JAL компанийн мэдэгдсэнээр “Тамирчид улс орноо төлөөлдөг тул тэдний гаргасан зохисгүй ааш авирын мөрөөр арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” хэмээсэн. Харин Австралийн Үндэсний Олимпын Хороо гомдлын мөрөөр шалгалт явуулж эхэлснээ хариу мэдэгдсэн байна.

Үүнээс гадна онгоцонд болсон явдлаас өмнө Австралийн тамирчид буцахынхаа наана олимпын хотхонд архидаж, өрөөнийхөө эд зүйлсийг эвдэж сүйтгэсэн тухай мэдээлэл тархсан билээ. Тэд өрөөнийхөө орыг эвдэж, ханыг нь цөмөлж, мөн шалаа бөөлжсөөр дүүргэсэн гэх мэдээлэл бий.

 

                                                                                                          Эх сурвалж: Kyodo News