Украин дахь Беларусийн дүрвэгсдийн тэргүүнийг Киев хотын цэцэрлэгт дүүжилсэн байжээ

Украин дахь Беларусийн дүрвэгсдийн тэргүүнийг Киев хотын цэцэрлэгт дүүжилсэн байжээ

Украин дахь Беларусь цагаачдын байгууллагын тэргүүн сураггүй алга болоод нэг хоносон юм. Улмаар өчигдөр /2021-08-03/ түүний цогцсыг Киев хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнгээс олсон байна.

Өдгөө 26 настай Виталий Шишовийг модноос дүүжлэгдсэн байдалтай олдсоныг Украины цагдаагийн газраас мэдээлсэн. Тэрээр Беларусийн Танхим нэртэй төрийн бус байгууллагын тэргүүн байсан билээ.  Беларусийн удирдагч Александр Лукашенкогийн дэглэмээс зугтсан нутаг нэгтнүүдээ Украинд суурьшихад туслахын тулд тус байгууллага ажиллаж байв. Лукашенкогийн дэглэм 1994 оноос хойш үргэлжилсэн бөгөөд иргэдийн тэмцэл сүүлийн нэг жил орчим эрчимжсэн байдаг.

Украины цагдаа нар хүн амины хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ба хохирогчийг амиа хорлосон байдалтай харагдуулахаар аллагыг зохион байгуулсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Мөн талийгаачийн хамтрагчдын нэг Олег Овчинников хэлэхдээ түүний нүүр шарх сорвитой, хамар нь хугарсан байдалтай олдсон гэлээ. Виталийн удирддаг Беларусийн Танхим байгууллага тэргүүнийхээ аллагад Лукашенкогийн дэглэмийг буруутгасан байна.

Виталий Шишов Даваа гарагийн /2021-08-02/ өглөө гэрийнхээ ойролцоо гүйхээр гараад сураггүй болсон байна.

Үүнээс гадна Лукашенко өөрийн дайснуудыг захиалгаар алуулдаг гэх мэдээлэл шинэ зүйл биш аж. 2019 онд Беларусийн цагдаагийн тусгай тасагт алба хааж байсан Юрий Гаравксий гэх хүн  20 жилийн өмнө Лукашенкогийн гурван өрсөлдөгчийн амийг хөнөөснөө Германы Deutsche Welle агентлагт ярьж тухайн үедээ шуугиан дэгдээж байв. Энэ хэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Хүний эрхийн салбар хорооноос  Шишовын амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, буруутай этгээдийг олж тогтоохыг Украины засгийн газарт уриалсан байна.

                                                                                                                                               Эх сурвалж: AFP