Японы багт ялагдаж мөнгөн медаль хүртсэн тамирчдаа Хятадын иргэд “үндэсний бүтэлгүйтэл” гэж нэрлэв

Японы багт ялагдаж мөнгөн медаль хүртсэн тамирчдаа Хятадын иргэд “үндэсний бүтэлгүйтэл” гэж нэрлэв

БНХАУ-ын холимог хосын ширээний теннисний баг өнгөрсөн долоо хоногт Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм. Харин уг төрөлд алтан медалийг Японы тамирчид хүртсэн. Гэвч “олон улсад давамгайлдаг спортоороо Японы багт хожигдсон” хэмээн Хятадын иргэд цахим сүлжээнд хүчтэй шүүмжлэл бичиж, бухимдлаа илэрхийлж эхэлжээ. 

Тодруулбал “Weibo” нийгмийн сүлжээнд тэднийг “үндэстний бүтэлгүйтэл” хэмээн нэрлэж, тамирчид руу дайрсан” байна. Үүний дараа холимог хосын багийн тамирчид “Токиогийн олимпоос алтан медаль авч чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна” нулимс дуслуулан уучлал гуйсан аж.

Уг явдлыг мэргэжилтнүүд тайлбарлахдаа “хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүсийн хувьд олимпын медалиа алдах нь "эх оронч бус" гэсэн үзэлтэй адил” зүйл гэжээ. Түүнчлэн Нидерландын Азийн төвийн захирал, доктор Флориан Шнайдер "Тэдгээр хүний хувьд олимпын медаль гэдэг үндэсний хүч чадал, үндэсний төр төрийн бодит илрэл юм. Энэ утгаараа гадаадынхантай хийсэн өрсөлдөөнд ялагдсан хүнийг үндэстний нэр хүндийг “унагасан” эсвэл бүр үндэстнээсээ урвасан гэж үздэг" гэжээ.

Гэвч энэ явдал Хятадад анх удаа давтагдаж буй зүйл биш юм. Өмнө нь тус улсын тамирчин Ли Жунхуй, Лю Ючен нар бадминтоны хосын төрөлд Тайваньд ялагдсаны дараа нийгмийн сүлжээнд тэднийг элдвээр хэлж, хүчтэй буруутгаж байв.

Эх сурвалж: CNN