Халдварын дөрөвдэх давлагаатай тэмцэж буй БНСУ-д COVID-19 "Дельта Плюс" хувилбарын анхны тохиолдлууд бүртгэгджээ.
Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг (KDCA)-ийн мэдээлснээр “Дельта Плюс хувилбараар өвчилсөн нь тогтоогдсон эхний иргэн 40 гаруй насны эрэгтэй бөгөөд ойрын хугацаанд гадаадад аялсан түүхгүй байсан аж. Тус иргэний гэр бүлийн гишүүд мөн халдвар авсан боловч одоогоор "Дельта Плюс" хувилбар гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна. Харин хоёр дахь иргэн нь хилийн чанадаас ирсэн байжээ.
БНСУ-д сүүлийн 24 цагт коронавирусийн 1202 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын 20 сая хүн амын 39 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол, 14,1 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байгаа юм.
"Дельта Плюс" хувилбар нь анх Энэтхэгээс илрүүлсэн "Дельта" хувилбарын дэд удам бөгөөд вирусийн баяжуулалтын уурагт K417N хэмээх мутаци агуулснаараа онцлог. Халдварлах чадвар өндөр хэмээн дүгнэж буй уг мутаци одоогоор Их Британи, Португаль, Энэтхэг, ОХУ гэсэн цөөн хэдэн оронд бүртгэгдээд байна.
Эх сурвалж: Reuters