СУРВАЛЖИЛГА: Автомашинтайгаа үйлчлүүлэх "задгай талбайн театрт" цаашдаа шинээр нээлтээ хийж буй кинонуудыг гаргана

СУРВАЛЖИЛГА: Автомашинтайгаа үйлчлүүлэх "задгай талбайн театрт" цаашдаа шинээр нээлтээ хийж буй кинонуудыг гаргана

Барууны орнуудад түгээмэл дэлгэрсэн “сar cinema” буюу гадаа талбайд автомашиндаа тухлан кино үзэх боломжтой театр хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийж, кино “хорхойтнуудын магнайг тэнийлгэв”. Цар тахлын үед хүмүүс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар ховор байгааг анзаарсан Б.Тайванбат, Т.Мөнхдалай хэмээх хоёр найз “Galaxy car cinema”-г Улаанбаатарт нээх санааг өнгөрсөн өвөл гаргажээ.

Ийнхүү дөрвөн сар гаруй хугацаанд судалгаа хийж, бэлтгэл ажлаа хангасаар энэ лхагва гараг/2021.07.28/т анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авсан байна. Бид олны сонирхлыг татаад буй уг кино театрын үйл ажиллагааг сурвалжлахаар Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьж, Б.Тайванбаттай ярилцлаа. Кино эхлэхээс хоёр цагийн өмнө очиход залуус аль хэдийн цуглаж, бэлтгэл ажлаа хангаж байсан юм.

Б.Тайванбат

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИД МААНЬ САЙХАН СЭТГЭГДЭЛТЭЙ БУЦСАН УЧРААС БИД Ч СЭТГЭЛ АМАРСАН- 

-Автомашинаасаа кино үзэх боломжтой театр гэхээр хүмүүс их сонирхож байсан. Энэ төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх санаа хэрхэн төрсөн  бэ? 

-Бизнесийн санаагаа өвөл, найзтайгаа ярьж байгаад олсон. Цар тахлын үед хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх, стрессээ тайлах газрууд ховор байгааг анзаарсан гэх үү дээ. Тиймээс хүмүүс юу сонирхох бол, хүмүүст юу дутагдаж байгаа бол гэж нэлээн бодсоны эцэст “car cinema” нээх санаа төрсөн. Санаагаа олсноос хойш дөрвөн сар гаруй бэлтгэл ажлаа хангасан. Хаанаас ямар бараа авах уу, ямар дэлгэц сонгох уу, аль нь илүү чанартай бол, FM/ФМ/ цацагчаа хэрхэн шийдэх үү гэж судалгаа хийсээр өнөөдрийг хүрлээ. Тав, зургадугаар сард үйл ажиллагаа явуулж эхлэх төлөвлөгөөтэй байсан ч хил гаалийн асуудлаас болж хойшилсоор одоо л нээлтээ хийж байна.

-Хоёр хоногийн өмнө/2021.07.28/ нээлтээ хийж, анхныхаа киног гаргалаа. Эхний өдөр ямар байв, хүмүүс ямар сэтгэгдэл хэлж байна?

-Ирсэн хүн бүр сэтгэл ханамжтай, маш гоёоор хүлээж авсан. Бүгд л “баярлалаа, цагийг сайхан өнгөрүүллээ” гэж хэлж байсан. Үйлчлүүлэгчид сайхан сэтгэгдэлтэй буцсан болохоор бид ч сэтгэл амарсан.

-Кино үзүүлэх талбайд нэг удаад хэдэн автомашин багтах боломжтой вэ?

-Бидний тооцоолж буйгаар ойролцоогоор 60-70 машин багтах боломжтой. Машин хооронд дахин нэг машин багтах зайтай байхаар зохион байгуулж байгаа. Хэрэв шахаж зогсвол 100 гаруй авто машин багтах байх.   

-Том хэмжээтэй автомашинтай хүмүүс ч үйлчлүүлэх боломжтой юу?

-Тийм. Том овортой автомашинуудыг аль болох зах болон хойд хэсэгт зогсоож байгаа. Гэхдээ хамгийн хойно машинаа зогсоосон ч кино ямар ч асуудалгүй, бүрэн харагдана.

-Дэлгэцийн хэмжээ нь хэд вэ?

-Дэлгэцийн бүтэн хэмжээ 13:8, харин “screen”-ий хувьд 12:6. Тэгэхээр сая хэлсэнчлэн талбайн хамгийн хойно зогссон автомашинд ч сайн харагдахуйц хэмжээтэй гэсэн үг.

-Насны хязгаар гэж байгаа юу. Гэр бүлээрээ ирж кино үзэх боломжтой юу?

-Мэдээж хүүхдүүдтэйгээ ирж болно. Гэхдээ хамгийн гол нь ямар кино гарахаас шалтгаална. Гэр бүлийн сэдэвтэй, хүүхдэд зориулсан кино гаргаж байвал мэдээж хүүхдүүдэд нээлттэй.

Д.Тайванбат

-БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЭХЭД ХИЛ ГААЛИЙН АСУУДЛААС БОЛООД АНХ ТООЦООЛЖ БАЙСНААС ХОЁР ДАХИХ ИХ ТӨСӨВ ГАРСАН-

-Цаг агаарын нөхцөл байдал үйл ажиллагаанд нөлөөлөх байх. Тухайлбал бороотой өдөр театр ажиллах уу?

-Хүчтэй шуурга, ширүүн аадар бороотой өдөр л үйл ажиллагаа явуулах боломжгүй. Харин зөөлөн шиврээ бороотой үед асуудалгүй. 

-Киногоо хэрхэн сонгож байна. Оюуны өмч гэдэг утгаараа албан ёсны эрх авах байх?

-Тийм. Бид цаашдаа албан ёсны эрхтэй кинонуудыг гаргахаар төлөвлөж байгаа. Одоогоор гэрээ хэлцлийн шатан дээрээ явж байгаа учраас нэг л кино гаргаж байна. Мөн дөнгөж нээлтээ хийж буй кинонуудыг ч гаргах боломжтой. Гэхдээ үзэгчдийн дүүргэлт ямар байхаас шалтгаална.

-Бизнесээ эхлүүлэх санхүүгээ хэрхэн шийдсэн бэ. Энэ талаар асууж болох уу?

-Бизнесээ эхлүүлэхэд анх тооцоолж байсан төсвөөс хоёр дахин давсан. Тээврийн үнэ, дэлгэц болон жижиг хэрэгслүүд, хил гаалийн асуудлын улмаас хоёр дахин их төсөв гарсан. Бизнесээ өөрсдийн цуглуулсан мөнгөөрөө эхлүүлсэн. Нэг талаараа маш их зориг шаардсан шүү. 

-Үйлчлүүлэгчдэд ямар шаардлагууд тавьж байна. Цар тахлын үе гэдэг утгаараа халдвар хамгаалалтын дэглэмээ сахихыг мэдээж шаардаж байгаа байх?

-Тийм. УОК-ын шаардлагын дагуу үйлчлүүлэгч мэдээж коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн байх ёстой. Нэг автомашинд дээд тал нь дөрвөн хүн байна. Мөн тухайн үйлчлүүлэгчийн автомашины долгион 87.3 дээр таардаг байх ёстой. Мотоцикл, унадаг дугуйнд ФМ тааруулж болохгүй тохиолдолд үйлчлүүлэх боломжгүй. Зарим Европ стандартын автомашинуудад долгион таарахгүй байх тохиолдол гарсан. Гэхдээ энэ асуудлыг тун удахгүй шийднэ.  

-Цаашид үйлчилгээний төрөл нэмэгдэх үү. Тухайлбал, хоол үйлчилгээ гэх мэт?

-Хүсэл бол мэдээж байгаа. Гэхдээ холбогдох газруудаас зөвшөөрөл авах хэрэгтэй учраас одоохондоо боломжгүй. Мөн цаашид хоёр, гурван ч  ээлжээр киногоо гаргаж ажиллах хүсэлтэй байгаа.

-Үйлчилгээний үнэ тарифыг танилцуулбал?

-Нээлтээ хийчихсэн кинонууд 20 мянган төгрөг. Цаашид бид шинээр нээлтээ хийж буй кинонууд гаргах учраас тухайн үед бага зэрэг нэмэгдэх байх гэж бодож байна. Учир нь кино авч байгаа газартаа өндөр хэмжээний төлбөр төлдөг юм. Гэхдээ дээд тал нь 25 мянган төгрөг орчим байлгахыг хичээнэ.

-Кино мэдээж удаан хугацаанд үргэлжлэх байх. Үйлчлүүлэгчдийн ариун цэврийн өрөөний асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Төв цэнгэлдэх дотор ариун цэврийн өрөө байгаа. Кино дуустал үргэлжлэх учраас чөлөөтэй үйлчлүүлж болно.

-ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ БИДНИЙГ ДЭМЖИЖ ХАМТАРЧ АЖИЛЛААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА-

-Монголд өмнө нь энэ төрлийн үйлчилгээ байсан уу. Хэр судлав?

-Бидний судалж үзсэнээр өмнө нь хоёр байсан юм байна лээ. Харин дэлхийн томоохон хотууд болон Европын орнуудад түгээмэл дэлгэрсэн байдаг. Цар тахлын улмаас энэ бизнес эргээд эрэлттэй болсон.

-Одоогийн байдлаар хэдэн ажилтантай байна вэ?

-Дэлгэцийн хянагч, тасалбар түгээгч, халдвар хамгаалалтын дэглэм сахиулах ажилтан, мөн талбайн зохицуулагч гэсэн долоон хүн байгаа. Анх дэлгэцээ босгох гэтэл хүн хүч дутсан юм. Найзуудыгаа дуудтал ирж, мөн үйлчилгээ сайжруулах шинэ санаанууд хэлж өгсөн. Тэгээд л ярилцаж байгаад санаа нэгдэж, хамтарч ажиллахаар болсон доо. Бид кино эхлэхээс цаг 30 минутын өмнө цуглаж, бэлтгэл ажлаа хийдэг. Мөн кино дууссаны дараа талбайгаа цэвэрлэж, хогоо түүгээд явдаг.

-Ковидын үед шинээр бизнес эхлүүлэх нь нэг талаар эрсдэлтэй алхам болоод байна шүү дээ. Ер нь бизнесээ эхлүүлэхэд цар тахлаас улбаалсан ямар нэгэн бэрхшээл тулгарсан уу?

-Хил гаалийн асуудал нэлээн хүндээр туссан. Бусдаар харьцангуй гайгүй. Бид халдвар хамгаалалтын дэглэмийг маш сайн сахиулж, бүх чадлаараа хичээж ажиллах болно. Мөн өдөр ирэх тусам туршлагажиж ямар нэгэн алдаа байвал тэр дор нь засаж сайжруулахыг хичээнэ. Тиймээс төрийн байгууллагуудыг биднийг аль болох ойлгож, хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.  

-Үйлчилгээ эхлүүлэхдээ холбогдох газруудаас зөвшөөрлөө авсан уу?

-Хуулийн дагуу алба зөвшөөрлийн албан бичгээ хараахан аваагүй байна. Дүүргийн онцгой комисс болон үйлдвэр үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авах ёстой. Бид холбогдох хүсэлтүүдээ өгчихсөн байгаа. 

-Танайхыг цаашид зорьж ирэх үйлчлүүлэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Манайхаар үйлчлүүлсэн, мөн үйлчлүүлэхээр төлөвлөж буй хүн бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн тамхины иш, хогоо ил задгай битгий хаяарай гэж хүсмээр байна. Бид удахгүй киноны нэр төрлөө арвижуулж, дөнгөж нээлтээ хийж буй шинэ уран бүтээлүүдээс үйлчлүүлэгчдэдээ үзүүлэх болно. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сахин манайхаар үйлчлүүлэхийг урьж байна.

Биднийг ийн ярилцаж дууссаны дараа кино ч эхэлж, талбай ч автомашинаар дүүрэв. Гэвч хэдхэн минутын дараа Цагдаагийн ажилчид шаардлага тавьж, энэ удаагийн үзмэрийн цуцлахаас өөр аргагүйд хүрсэн юм. Энэ талаар Б.Тайванбат “Цагдаагийн газраас манайд албан тоот ирээгүй учраас үйл ажиллагаа явуулж болохгүй” гэсэн. Маргааш холбогдох байгууллагуудад хандаж, уулзаж зөвшилцинө. Уг нь бид дүүргийн холбогдох газарт очиж хүсэлтээ өгөөд “үйл ажиллагаа явуулж болох уу” гэхэд “хориглосон заалт байхгүй учраас болно” гэж зөвшөөрсөн” гэсэн юм.