“Pfizer” вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүмүүст Дельта хувилбараас хамгаалах хүчтэй дархлаа тогтож байна

“Pfizer” вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүмүүст Дельта хувилбараас хамгаалах хүчтэй дархлаа тогтож байна

Энэ сарын 13-нд “Pfizer” компанийн эрдэмтэд COVID-19 вакцинжуулалтын үр дүнд тогтсон дархлааны үйлчлэл цаг хугацаа өнгөрөх тусам суларч байгаа тул 6-12 сарын дотор гурав дахь тунг хийх шаардлагатай гэж мэдэгдсэн. Дархлааны үйлчлэл сулрахад вирусийн мутаци, ялангуяа коронавирусийн Дельта хувилбар нөлөөлөх гол хүчин зүйл болж байна гэж үзсэн юм.

Гэсэн хэдий ч АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, Хүнс эмийн хяналтын албаны удирдлагууд хамтарсан мэдэгдэл хийж, “Америкчуудад одоогоор өдөөгч буюу нэмэлт тун шаардлагагүй” гэсэн хариуг өгсөн.

Тэгвэл өчигдөр/2021.07.28/ “Pfizer”-ийн эрдэмтэд дахин шинэ судалгаагаа танилцуулжээ. Эхний шатны судалгаагаар “Pfizer” вакцины гурав дахь тунг хийлгэсэн хүмүүст Дельта хувилбараас хамгаалах “хүчтэй” дархлаа тогтож байгаа аж. Тус компанийн гаргасан мэдэгдэлд “гурав дахь тунг хийлгэсэн 18-55 насны хүмүүст Дельта хувилбараас хамгаалахад чиглэсэн эсрэг биеийн түвшин тав дахин нэмэгдэж” байжээ.

Мөн гурав дахь тунгаа хийлгэсэн 65-85 насны хүмүүсийн дунд хийсэн судалгаанаас үзэхэд эсрэг биеийн хэмжээ хоёр дахь тунгаас 11 дахин их байсан аж/гэхдээ уг судалгааг эцсийн байдлаар хянаж, нийтлээгүй байна/.

Улмаар ирэх наймдугаар сард вакцины гурав дахь тунг хэзээ, хэрхэн хийх талаар удирдамж болон холбогдох хүсэлтийг АНУ-ын Хүнс, Эмийн Хяналтын Албанд хүргүүлж албан ёсоор бүртгүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: CNN