Олны шүүмжилж буй "Нарны зам"-ын ус зайлуулах шугамын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэж байна

Олны шүүмжилж буй "Нарны зам"-ын ус зайлуулах шугамын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэж байна

Замын цагдаагийн газрын гүүрэн гармын төслийн хүрээнд хийгдэх ажлын нэг нь борооны ус зайлуулах шугам засвар байсан. Тэгвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд хэсэг дэх Нарны замын борооны ус зайлуулах шугамын хашлага засварын явцдаа эвдэрч гэмтсэн, далий муруй хийгдсэн гэх мэтээр олны шүүмжлэлд өртөөд байна.

Тэгвэл уг ажлыг ямар компани гүйцэтгэн, хийж байгаа талаарх мэдээллийг хүргэе. Тус борооны ус зайлуулах шугамын зураг төслийг 2019 онд "Гидро-Фонтан” гэх ХХК бэлэн болгосон ч гүйцэтгэх ажил тодорхойгүй шалтгаанаар хойшилсоор 2020 онтой золгосон ч цар тахлын улмаас дахин зогссон байна.

Ингээд удаан хойшилсон засварын ажил 2021 оны гуравдугаар сарын 20-ний өдрөөс ахин эхэлсэн байдаг. Ингэхдээ гүйцэтгэгч Хятадын Төмөр Замын 20-р Групп Товчоо компани Нарны замыг хөндлөн сэтэлж, борооны усны шугам угсрах ажлыг хийжээ.

Замын цагдаагийн гүүрэн гарцын төсөлтэй холбоотойгоор тухайн орчмын авто замын борооны усыг гурван хэсэгт хуваан зайлуулахаар болсон. Тодруулбал, 

  • Гүүрэн гарцын хойд хэсэг Олимпын гудамжны туслах авто зам, гүүрний байгууламжийн усыг ус зайлуулах шугамуудаар хүлээн авч ус зайлуулах насос станцаар одоо байгаа сүлжээнд шахна. /Хуучин Шунхлай шатахуун түгээх станц байсан байршил орчим/
  • Гүүрэн гарцын зүүн талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг "Соёолж" төвийн зам талбайн борооны ус зайлуулах шугамтай холбоно. 
  • Гүүрэн гарцын баруун талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд шинээр хийсэн насос станцаар шахаж зайлуулна гэсэн байдаг.

Гүүрэн гармын ажлыг ерөнхийлөн гүйцэтгэгч Хятадын Төмөр Замын 20-р Групп Товчоо компани өнгөрсөн онд /2020/ хятадын 22 инженер, техникийн мэргэжилтнүүдтэй ажиллаж, 2021 онд гадаадын ажиллах хүч нэмж авахгүйгээр дотоодын туслан гүйцэтгэгч компаниудтай барилгын ажлыг гүйцэтгэсэн.

Барилгын ажлын хүрээнд А болон С налуу замын дугуй цохигч цутгах, хэв гажилтын заадас хийх, Нарны зам болон Олимпын гудамжны баруун талын туслах замын борооны ус зайлуулах хоолой, авто замын ажлыг гүйцэтгэж байгаа билээ. Харин барилгын ажлын явц одоогоор  90 хувьтай хэрэгжиж байгаа юм.

Төсөл хэрэгжэснээр төмөр зам, авто зам хоёр ижил төвшинд огтлолцож тухайн цэг дээр гарч байсан зам тээврийн осол тэг болж, хотын төвөөс урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Наймдугаар сарын 30-н гэхэд борооны ус зайлуулах шугам, Олимпын гудамжны хоёр талын туслах авто зам, С рампын гүүрний ажлыг бүрэн дуусгана хэмээн албаныхан мэдээлжээ.