ФОТО: Автомашингүй, 06:00 цагт нээх ''Өглөөний гудамж'' нээлтээ хийнэ

ФОТО: Автомашингүй, 06:00 цагт нээх ''Өглөөний гудамж'' нээлтээ хийнэ

“Өглөөний Улаанбаатар” төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотод жишиг гудамж байгуулж, 06:00-09:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, сургалтанд суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулна хэмээн НЗДТГ-аас мэдэгдсэн.

Өглөөний гудамж нь автомашингүй бүс бөгөөд иргэд өглөөний цагаар кофе шоп, ресторан, номтой кафе, үсчин зэрэг олон төрлийн үйлчилгээг эндээс авах боломжтой болжээ.

Өглөөний гудамж нь олон нийтийн хэлж заншсанаар Төв талбайн баруун хойно байрлах ‘’Гутлын 22’’-т байрлаж байна. Албан ёсны нээлтийн дараа гудамжинд байрлах үйлчилгээний газрууд өглөөний 06:00 цагаас нээх аж. Тус ажлын хүрээнд автомашингүй бүс болгох замын тэмдэглэгээг хийж дууссан бөгөөд албан ёсны нээлт энэ долоо хоногийн сүүлээр болохыг албаныхан мэдээллээ. Мөн төслийг хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах, дугуйнтай зорчих, урлаг спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой ажээ.

Үүнээс гадна “Өглөөний гудамж”-ийг жишиг болгон Улаанбаатар хотын бүх дүүрэгт зохион байгуулах чиглэлийг дүүргүүдийн Засаг даргад өгөхөөр болжээ.

Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дагуу Нийслэлийн хот тохижилтийн газар, Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК ХХК  хийж гүйцэтгэсэн байна.