Б.Пүрэвдорж: Нөхөн сонгуульд С.Эрдэнэ Б.Гарамгайбаатарыг, О.Цогтгэрэл М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлэх гэж байна

Б.Пүрэвдорж: Нөхөн сонгуульд С.Эрдэнэ Б.Гарамгайбаатарыг, О.Цогтгэрэл М.Хүдэрбаатарыг нэр дэвшүүлэх гэж байна

УИХ-ын нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 10-нд болно. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Эв нэгдэлтэй ардчилсан нам” санаачилгын хүрээнд Ардчилсан намыг нэгтгэх нэг даргатай болгох, нэг тамгатай болгох зорилгоор “Онц их хурал”-ыг хуралдуулахыг шаардаж, 100 мянган гишүүн гарын үсэг зурах үйл явц амжилттай зохион байгуулагдаж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Зарим нэг аймагт тогтоосон ковидын дэглэмийн хязгаарлалттай холбоотойгоор зогсонги байдалд орсон. Харин зарим аймаг, дүүрэгт дунд шатны “хурган” дарга нар гарын үсэг зурах үйл явцыг “бойкотлож” байгаа.

Хоёрдугаарт, аравдугаар сарын 10-нд болох нөхөн сонгуулийн хуулийн хугацаа дөхөж байна.  Ерөнхийлөгчийн сонгуулиар манай нам хоёр нэр дэвшигчийн нэрийг Сонгуулийн Ерөнхий хороонд өгсөн. Үүний үр дүнд нэг нь нөгөөдөө “дэгээ” тавих замаар сонгуульд маш хариуцлагагүй оролцож, тавхан хувийн санал авсан. Энэ нөхцөл байдал их хурлын нөхөн сонгуульд дахин давтагдах нь. Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын унах хамгийн эцсийн шат байсан. Харин нөхөн сонгууль эргэн сэргэх гол цэг. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд сонгуульд оролцох хэсгээ мэдэгдэж СЕХ-нд албан бичгээ өгөх ёстой. Гэтэл манайхан дахиад хоёр албан бичиг өгөхөөр болчхоод байна. Эв нэгдлээ одоо хүртэл хангаагүй байна. Есдүгээр сарын 2-ны өдөр нэр дэвшигчээ тодруулж албан бичгээ өгнө.

Энэ үед С.Эрдэнийн нам Б.Гарамгайбаатарыг, О.Цогтгэрэл нь М.Хүдэрбаатарыг дэвшүүлж хоёр бичиг  өгөх нь. Гэтэл жирийн гишүүд, энгийн иргэд эднээс өөр хүмүүсийн нэр дэвшүүлбэл амжилттай оролцоно гэж бодож байна.

Нөхөн сонгуульд хоёр бичиг өгөх нь МАН-ын мэхэнд орж байгаа явдал. МАН үүнийг л хүсэж байгаа. С.Эрдэнэ гэдэг хүн МАН-д үйлчлэх замаар энэ намаа хагаралдуулж, удирдаж байна. Нөгөө хэсэг хүмүүс нь МАН-тай аятайхан “харьцвал” АН-ын тамгыг бидэнд өгнө гэдэг горьдлогоор асуудалд хандаж байгаа нь хэт буруу байна. Өөрсдийн дотоод асуудлаа бид өөрсдөө шийдэхээс МАН-аар шийдүүлэхгүй. Жирийн гишүүд нь шийддэг дүрэмтэй нам. Үүнийг ухаарч дарга нар өөрсдийн амбицаа хойш тавьж, эв нэгдлийг хангаж, нэг их хурлыг хуралдуулж, түүгээрээ нэг даргыг тодруулж, нэг нэр дэвшигчийнхээ төлөө тал талаас нь зүтгэвэл амжилт ойрхон байна” гэв.