Тив, дэлхийн тэмцээнд Монголд Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгууллаа

Тив, дэлхийн тэмцээнд Монголд Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг байгууллаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, У.Ундрам, Т.Энхтүвшин нар “Олимпын наадмын спортын төрлүүдийн хөгжлийг дэмжих болон Монгол улсын төлөөлөн тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг дэмжих лобби бүлэг” байгуулж буйгаа 2021 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулжээ.

Монгол улсыг төлөөлөн олимп, тив дэлхийн тэмцээнд оролцох шигшээ баг тамирчдыг дэмжих, олимпын наадмын спортын төрлүүдийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, спортын сургалт дасгалжуулалтыг спортын төрөл бүрээр төлөөлөх, олимп, тив дэлхийд өрсөлдөх чадварлаг тамирчдыг бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээн УИХ-ын гишүүд үзэж, санал нэгдсэн байна.

Энэхүү зорилтын хүрээнд лобби бүлэг байгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн 2022 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах Өвлийн олимпын 24 дэх наадам, 2024 онд Франц Улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдах 33 дахь удаагийн Зуны олимпын наадам, Монгол Улсад зохион байгуулагдах ОУ-ын залуучуудын спортын ногоон наадам, 2023 оны Зүүн Азийн залуучуудын спортын наадамд оролцох шигшээ баг тамирчдыг бэлтгэх, амжилтын чанарыг ахиулах дэмжих чиглэлд холбогдох шийдвэрийг санаачлан батлуулахын төлөө дээрх лобби бүлгийн гишүүд идэвх санаачилгатай ажиллаж аж.