Олимпийг эсэргүүцсэн Японы иргэд хотын захиргааныхаа гадна жагсаж байна

Олимпийг эсэргүүцсэн Японы иргэд хотын захиргааныхаа гадна жагсаж байна

Олимпийн наадмын нээлтийн ёслол хэдхэн цагийн дараа албан ёсоор эхлэх гэж байна. Үүнтэй зэрэгцэн наадмыг эсэргүүцсэн Японы иргэд Токио хотын захиргааны байрны урд жагсаж эхэлжээ.

Иргэд “Хаана ч олимпгүй”, “ОУОХ-оос гар”, "Бидний эрүүл мэнд Олимпоос үнэтэй" гэх мэтчилэн лоозон бичсэн самбар барьж, хэнгэрэг дэлдэн наадмыг зогсоохыг шаардаж байгаа аж.

Жагсагчдын нэг CNN агентлагт ярилцлага өгөхдөө "Олимп цуцлагдахад оройтсон гэж бодохгүй байгаа учраас би өнөөдөр энд ирсэн. Токио хотод Ковид-19 нэмэгдэж байгаад бид санаа зовж байна. Олимпоос илүү хүний амь чухал" гэжээ.

Цар тахлын улмаас нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед Олимп зохион байгуулах нь "зөв сонголт биш" хэмээн Японы маш олон иргэн үзэж, хэдэн сарын өмнөөс үзэл бодлоо илэрхийлж, жагсаал зохион зохион байгуулж байсан юм. Тус улсад сүүлийн 24 цагт коронавирусийн 4915 шинэ тохиолдол бүртгэгджээ. 

Эх сурвалж: CNN