СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тосон нуураас ХОЁР иргэний цогцос олджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тосон нуураас ХОЁР иргэний цогцос олджээ

Өчигдөр /2021-07-22/ Булган аймгийн Бүрэгхангай сумын “Тосон” нуурын эрэгт хоёр хүн нуурын усанд сэлэхээр ороод осолджээ.

Тодруулбал Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст багийн “Ар тамсаг” гэдэг газар  дөрвөн хүн “Тосон” нуурын эрэгт амарч байснаас хоёр хүн нь  нуурын усанд сэлэхээр ороод живжсэн байна. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 130 км замыг туулан 19:30 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх ажиллагааны үр дүнд өчигдөр /2021-07-22/ 20:04 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /41 настай, эрэгтэй/, Баянгол дүүргийн харьяат иргэн Б /17 настай, эрэгтэй/ нарын цогцсыг “Тосон” нуурын 10 метрийн гүнээс гаргаж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэсгийн даргад шилжүүлэн өгсөн байна.

Иймд: 

  • Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.