ВИДЕО: ОХУ ''Мад'' хэмээх шинэ загварын сөнөөгч онгоцтой болсноо зарлалаа

ВИДЕО: ОХУ ''Мад'' хэмээх шинэ загварын сөнөөгч онгоцтой болсноо зарлалаа

Өчигдөр /2021-07-20/ ОХУ МАКС-2021 олон улсын нисэх хүчний үзэсгэлэнгийн үеэр “Checkmate” /Мад/ нэртэй шинэ сөнөөгч онгоцтой болсноо зарлалаа.

Энэ үеэр Оросын зэвсэг экспортлогч Ростек компанийн тэргүүн Сергей Чемезов, нисэх онгоц үйлдвэрлэгч “OAK” (Объединенной Авиастроительной Корпораци) компанийн ерөнхий захирал Юрий Слюсарь нар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд шинэ онгоцоо танилцуулсан юм. Тус хөлөг нь ганц хөдөлгүүртэй, хөнгөн ангиллын тавдугаар үеийн сөнөөгч онгоц бөгөөд дууны хурднаас хоёр дахин хурдан нисэж, 1500 км радиуст тулалдах чадвартай, богино хугацаанд хөөрч буудаг бөгөөд  долоон тонн гаруй жинтэй зэвсэг тээвэрлэх даацтай нь ангилал дотроо дээд амжилт болохыг Слюсарь тайлбарласан байна.

“Checkmate” сөнөөгч онгоцыг 2023 онд нисгэгчтэй туршиж, 2026 оноос зах зээлд нийлүүлэх гэнэ.

Ерөнхийлөгч Путин “Өнөөдөр бидний Жуковскийд үзсэн зүйл Оросын агаарын хүчний хөгжил өндөр түвшинд, нисэх онгоц үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар хүчтэй байгааг тодорхой харууллаа” хэмээжээ. Мөн эх сурвалжуудын мэдээлснээр Арабын Нэгдсэн Эмират, Аргентин, Вьетнам, Энэтхэг улсууд шинэ нисэх онгоцыг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн гэнэ.