Олимпийн хотхонд халдвар огцом нэмэгдэж, ивээн тэтгэгчид оролцохоос татгалзвал наадмыг цуцалж болзошгүй

Олимпийн хотхонд халдвар огцом нэмэгдэж, ивээн тэтгэгчид оролцохоос татгалзвал наадмыг цуцалж болзошгүй

Хоёр хоногийн дараа “Токио 2020” зуны олимпийн наадмын нээлт албан ёсоор эхлэнэ. Гэвч тус наадамд оролцох нийт 71 тамирчин коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Батлагдсан 71 тохиолдлын 31 нь гадаадын тамирчин, төлөөлөгчөөс бусад нь зохион байгуулагч талын хүмүүсээс илэрсэн байна.

Мөн өнөөдрөөс /2021.07.21/ наадмын зарим уралдаан, тэмцээн эхэлсэн. Софтболын гурав, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн зургаан тоглолт өнөөдөр зохион байгуулагдах юм. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар тус наадамд оролцож буй нийт тамирчид, багуудын тоотой харьцуулбал энэ тоо бага мэт санагдавч халдварын дэгдэлт олимпийн хотхоноос хальж, нутгийн иргэдийг хамарвал томоохон эрсдэл үүсэхийг анхааруулжээ. Одоогийн байдлаар олимпийн хотхонд нийтдээ 11 мянган хүн байрлаж байгаа аж.

Үүнээс гадна хэрэв тамирчдын дунд халдварын тархалт огцом нэмэгдэж, нээлтийн арга хэмжээнд ивээн тэтгэгч компаниуд оролцохоос татгалзсаар байвал олимпын наадмыг цуцлах боломжтойг зохион байгуулагчид өчигдөр /2021.07.20/ мэдэгджээ.

Токиогийн олимпийн наадмын гол ивээн тэтгэгч “Тоёота Мотор” корпораци зар сурталчилгаагаа зогсоож байгаагаа саяхан мэдэгдсэн бол “NTT”, “Fujitsu”, “NEC” зэрэг компаниуд мөн адил шийдвэр гаргаж, төлөөлөгч нар нь нар нээлтийн үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Өчигдөр Япон улсын эзэн хаан Нарухито нээлтийн арга хэмжээнд оролцохоор болсныг ордны захиргаанаас мэдээлсэн. Харин хатан Масако оролцохгүй гэжээ. Сонирхуулахад цар тахалтай холбоотойгоор Нарухито хаан нээлтийн үеэр хэлэх үгэндээ “баяр, наадам” гэсэн үгнүүдийг хэрэглэхгүй байж магадгүй гэж Япон улсын засгийн газрын төлөөлөгч мэдээллээ.

Эх сурвалж: Kyodo News