Дэлхийн хамгийн баян хүн гэж тооцогддог Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безос өнөөдөр /2021-07-20/ New Shepard хөлгөөр сансарт ниснэ.
Безос төрсөн дүү Марк Безос, залуудаа сансарт нисэхээр бэлтгэгдэж байсан 82 настай эмэгтэй Уолли Фанк болон 18 настай оюутан Оливер Дамен нартай нисэх аж. Түүний Blue Origin компанийн бүтээсэн New Shepard хөлгийг сансрын аялалд зориулан бүтээсэн байна.
Сансарт нисэх болсон талаараа Жефф Безос "Сэтгэл хөдөлж байна. Хүмүүс надаас сандарч байна уу гэж асуусан. Би тэгж их сандраагүй ээ. Харин ч сониуч зан хөдөлж байна. Бид юу сурч, юу үзэх бол гэдгийг л мэдэхийг хүсэж байна" хэмээн ярьжээ. Тэрээр "Бид бэлтгэлээ базааж байна. Хөлөг бэлэн. Баг бэлэн. Хамт олон маань гайхалтай хүмүүс. Бидэнд үнэхээр сайхан байна" гэв.
Мөн нисэх багийн бүрэлдэхүүнд багтсан 82 настай Уолли Фанк "Би нисэх гэж байна. Би нисэхийг маш удаан хүлээж мөрөөдөж байсан" гээд сансарт жингүйдэхээрээ биеэрээ бүтэн эргэж үзнэ хэмээжээ.
Безос "Бид жингүйдэлд дөрвөн минут орчим байна. Суудлаасаа босож, бүсээ тайлаад Дэлхийн атмосфер руу харах болно" хэмээн ярьсан байна.
Улаанбаатарын цагаар 21:00 цагт тэд АНУ-ын Техас дахь Безосын хувийн нисэх буудлаас пуужингаар хөөрнө. Нисэх багийнхнийг тээвэрлэх капсул 76 км-ийн өндөрт пуужингаас салах юм. Мөн пуужин эргээд газардах бол капсул 106 км-ийн өндөрт хүртэл дээшлэнэ гэлээ.
Эх сурвалж: ВВС