Олимпд оролцохоор очсон Уганда улсын хүндийн өргөлтийн тамирчин Ж.Ссекитолеко Изүмисано хот дахь бэлтгэлийн баазаас оргосон талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн.
Үүнээс хойш түүний талаарх сураг тасарч байсан бол саяхан Нагоя хотод харагдсан талаар Японы хэвлэлүүд бичиж эхэлжээ. Японы мэдээллийн агентлаг “Киодо” Нагоя хотын галт тэрэгний өртөөн дээр Ссекитолекотой төстэй хүний бичлэгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Өдгөө Нагояд оргодол тамирчныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Тэрбээр алга болохоосоо өмнө “Уганда дахь амьдрал хэцүү тул Японд амьдрахыг хүсэж байна” гэсэн зурвас үлдээсэн байжээ. Нагояд 150 орчим уганда хүн амьдардаг нь тийш зорих шалтгаан болсон байх хэмээн таамаглаж байна.
Ссекитолеко олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор аваагүй, хүлээлгийн жагсаалтад байсан тамирчин. Тэрбээр өнгөрсөн сард Японд хүрэлцэн ирсэн Угандагийн есөн тамирчны нэг бөгөөд тэдний хоёроос нь коронавирус илэрч байв. Улмаар эдгээр тамирчид зохих журмын дагуу тусгаарлагдсаны эцэст бэлтгэлдээ ороод байжээ. Ссекитолекогийн хувьд хамгийн сүүлд өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан юм.
Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын хороо