Токиогийн Олимпын нээлтийн ёслолыг хариуцаж байсан Японы хөгжимчин Кэйго Оямада багийн бүрэлдэхүүнээс гарч буйгаа Даваа гарагт /2021-07-19/ мэдэгдсэн.
Учир нь тэрээр олон жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дээрэлхэж байснаа хүлээн зөвшөөрснийхөө дараа энэхүү шийдвэрийг гаргажээ. Энэ долоо хоногийн Баасан гарагаас /2021-07-23/ эхлэх Олимпын наадмын хөгжмийг хариуцан ажиллаж байсан К.Оямадагийн өнгөрсөнд гаргасан зүй бус үйлдлүүдийн талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулсан байна. Үүний дараа тэрбээр олон нийтээс хүлцэл өчиж, Олимп, Паралимпын наадмын хүрээнд гүйцэтгэж буй үүргээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн аж.
Мөн Токиогийн Олимпыг зохион байгуулах хорооны дарга Тоширо Мүтогийн мэдээлснээр, ёслолын ажиллагааны эхний дөрвөн минутад эгшиглүүлэхээр төлөвлөж байсан К.Оямадагийн уран бүтээлийг дээрх шалтгааны улмаас хасахаар болсон байна. Иймээс бусад хөгжмийн зохиолчид уг хөгжмийг орлох уран бүтээлийг туурвихаар ажиллаж буйг мэдээллээ.
Эх сурвалж: Kyodo