АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн 99,5 хувь нь вакцин хийлгээгүй байжээ

АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн 99,5 хувь нь вакцин хийлгээгүй байжээ

АНУ-д сүүлийн зургаан сарын хугацаанд коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн 99.5 хувь нь вакцин хийлгээгүй байсан талаар тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв/CDC/-ийн захирал доктор Рошель Валенский Цагаан ордонд болсон хурлын үеэр мэдэгджээ.

Тиймээс тэрбээр нас баралтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэдгийг онцолж "Өвчлөл болон үхэл ковид-19-өөс улбаатай. Улс орон даяар вакцинжуулалтыг идэвхтэй зохион байгуулж чадвал бид уг зовлон, үхлээс зайлсхийж чадна” гэжээ.  

“Ассошиэйтэд Пресс” агентлагийн өмнөх дүн шинжилгээгээр АНУ-д өнгөрсөн тавдугаар сард коронавирусийн халдвараар нас барсан 18 мянга гаруй тохиолдлын 99,2 хувь нь вакцин хийлгээгүй байсан аж. Харин вакцины бүрэн тунгаа “авсан” 150 хүн нас барсан байжээ.

АНУ-д өнөөдрийн байдлаар нийт хүн амын 30 гаруй хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Гэсэн ч мутацийн улмаас халдварын тархалт эрчимжиж буй нь санаа зовоосон асуудал болж байна. Тус улсад шинээр бүртгэгдэж буй халдварын 25 хувийг дельта мутациар өвчилсөн тохиолдол эзэлж байгаа талаар  Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Эх сурвалж:  Forbes