Токио 2020 олимпийн наадамд оролцохоор ирсэн орон орны төлөөлөгчид байрлаж буй Японы “Akasaka Excel Hotel Tokyu” зочид буудал хэдэн өдрийн өмнө цахилгаан шатандаа “Зөвхөн Япончууд үйлчлүүлнэ”, “Зөвхөн гадаадын иргэд үйлчлүүлнэ” гэсэн самбаруудыг байршуулсан юм.
Тус тэмдэглэгээнүүдийг олимпийн наадамд оролцохоор ирсэн хүмүүсийг зочид буудалд байршиж буй энгийн иргэдээс ялгах зорилготой хэмээн тайлбарласан ч олон нийтийн сүлжээнд хүчтэй шүүмжлэлд өртжээ.
Тодруулбал, иргэд “уг самбараар гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхаж байна” гэж үзэж самбаруудаа авахыг шаардсан байна. Улмаар өнөөдөр “Akasaka Excel”-ийн удирдлагууд уг үйлдэлдээ уучлалт гуйж, самбаруудыг авсан гэж мэдэгджээ.
Иргэдийн шүүмжлэлийн улмаас нэрээ тодруулахаас татгалзсан тус зочид буудлын төлөөлөгч “бидэнд ямар нэгэн ялгаварлан гадуурхах зорилго байгаагүй. Иргэдэд ойлгомжтой байлгах үүднээс уг самбаруудыг байршуулсан боловч үл ойлголцол үүсгэсэн байна” гэсэн байна.
Эх сурвалж: CNN