Ботсванаас 1174 каратын алмаз олдсон талаар Канадын уул уурхайн “Лукара Даймонд” компани мэдээллээ. Энэ нь тус улсын нутаг дэвсгэрээс олдсон 1000 гаруй каратын гурав дахь алмаз юм. Өнгөрсөн зургадугаар сард Ботсванаас 1098 каратын алмаз олдож байсан бөгөөд хэмжээгээрээ дэлхийд гуравт орох том алмаз хэмээн зарлаж байв. Тэгвэл уг “амжилт” дахин шинэчлэгдлээ хэмээн “Лукара Даймонд” мэдэгджээ.
Ховор чулуулгийг Каровегийн уурхайгаас олсон бөгөөд өнгөрсөн Лхагва гарагт/2021.07.06/ албан ёсоор танилцуулсан аж. Энэ үеэр Ботсванагийн Ерөнхийлөгч Мокгвеци Масиси хүрэлцэн ирж, алмазыг үзсэн байна.
2019 онд “Лукара Даймонд” компани Каровегийн уурхайгаас 1758 каратын алмаз илрүүлж байсан. Энэ нь дэлхийд хэмжээгээрээ хоёрт бичигддэг. Харин одоогийн байдлаар бүртгэгдсэн хамгийн том алмаз нь 1905 онд Өмнөд Африкаас олдсон 3,106 каратын Куллинан алмаз юм. Куллинаныг жижиг чулуу болгон хувааж, зарим хэсгийг нь Их Британийн хааны гэр бүлийн титэмд шигтгэсэн байдаг.
Эх сурвалж: CNN