БНСУ-д КОВИД-19 цар тахлын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж сүүлийн 4 хоног дараалан 1000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байна.
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газраас халдварын тархалтыг хумих, Делта мутацит вирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс/2021.07.12/ Сөүл болон Кёнги аймагт 14 хоногийн хугацаанд нийгэмд зай барих дэглэмийг хамгийн өндөр түвшин буюу 4 дүгээр түвшинд шилжүүлэх шийдвэр гаргалаа.
Дэглэмийн дагуу 18.00 цагаас өмнө дөрвөөс дээш хүн, 18.00 цагаас хойш хоёроос дээш хүн нэг дор цуглахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, гуанз, кафе үйлчилгээний газрууд 10 цагаас хойш зөвхөн хүргэлт хийх, ерөнхий боловсролын хичээлийг зайны сургалтад шилжүүлэх.
Мөн байгууллагууд ажилтнуудыг аль болох гэрээс нь ажиллуулах, урлагийн тоглолт, спортын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулах, зайлшгүй шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх зэрэг хорио цээрийн хатуу арга хэмжээнүүд хэрэгжих юм.
Халдварт өвчнөөс сэргийлэх журмыг зөрчвөл, хувь хүн 100 мянган вон хүртэл, хоолны газар компани ажлын газрууд 3 сая хүртэлх воны торгуультай аж.
Тус улсын халдварын нийт тохиолдлын 85 хувь нь Сөүл хот болон Кёнги мужийн бүс нутагт гарч, 20-30 насны иргэд ихэнх хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Yonhap