Хойд Солонгос AstraZeneca вакциныг голж байна

Хойд Солонгос AstraZeneca вакциныг голж байна

Дэлхий нийтэд вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой COVAX тусламжийн хөтөлбөрийн хүрээнд Хойд Солонгост AstraZeneca вакциныг илгээхээр төлөвлөсөн.

Гэвч хоёр сая орчим тун AstraZeneca вакциныг гаж нөлөө ихтэй хэмээн үзэж авахаас тагалзаж буйгаа Хойд Солонгосын талаас мэдэгджээ. 

Тэгвэл Сөүлийн эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгост илгээх хоёр сая тун вакцины эхний ээлжийн нийлүүлэлт тавдугаар сард төлөвлөгдсөн ч удаан үргэлжилсэн зөвлөлдөөний эцэст цуцлагдсан гэлээ.

Мөн Хойд Солонгост одоогоор коронавируст халдварын нэг ч тохиолдол албан ёсоор бүртгээгүй байгаа ч энэ нь БНСУ, АНУ тэргүүтэй олон улсын эргэлзээг төрүүлсээр байгаа юм.

Нийслэл Пёньян хилээ бүрэн хаах зэргээр цар тахлын эсрэг шуурхай, маш хатуу арга хэмжээ авсан нь халдвараас сэргийлсэн ч эдийн засгийн хүнд байдалд орсныг тэдний зүгээс хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Ким Жон Ун өөр вакцин олж авахаар судалж байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэд үр дүн багатай гэдгээс нь болоод хятад вакцин авах сонирхолгүй байгаа гэнэ. 

ОХУ-ын Спутник V вакциныг  сонирхож байгаа бөгөөд үнэгүй хандив, тусламжаар ирнэ хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

                                                                          Эх сурвалж: Reuters