Токио 2020 олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаа мэдэгдлээ

Токио 2020 олимпийн наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулахаа мэдэгдлээ

Өчигдөр Токио 2020 наадмын уралдаан тэмцээнүүд үзэгчгүй зохион байгуулагдахаар болсныг зарлажээ. Учир нь Японы нийслэлд коронавирусийн халдвар нэмэгдэж, цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул ийм шийдвэр гаргасан байна.

Япон улсын засгийн газар Токио хотод наймдугаар сарын 22-ныг хүртэл онцгой байдлын дэглэм тогтоох шийдвэр гаргасан байсан. Мөн өмнө нь Токио 2020 олимпын уралдаан тэмцээнүүд болох цэнгэлдэхэд 50 хүртэл хувийн суудал дүүргэлттэйгээр дотоодын хөгжөөн дэмжигчдийг нэвтрүүлэхээр тохирч байсан ч цар тахлын нөлөөнөөс болж энэ шийдвэрээ цуцалсан юм.

Олимпийн зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Сэйко Хашимото “Коронавирусийн халдвар дэгдэлтийн улмаас энэ удаагийн наадмыг бид маш хязгаарлагдмал нөхцөл дор зохион байгуулах болсон нь харамсалтай. Тэмцээний тасалбар худалдаж авсан бүх хүмүүсээс бид уучлалт гуйж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Токиогоос гадна Канагава, Сайтама, Чиба гэсэн хөрш мужуудад ч олимпын уралдаан тэмцээнүүдийг үзэгч, хөгжөөн дэмжигчгүй зохион байгуулахаар болжээ. Харин Паралимпын наадмын үеэр ямар бодлого баримтлахыг зохион байгуулагчид  ирэх сард шийдвэрлэхээр болсон байна.

Түүнчлэн Токио хотын захирагч Юрико Койке олимпын наадмыг гэр гэртээ үзэхийг иргэдэд уриалжээ. Мэргэжилтнүүд коронавирусийн Дельта хувилбараар халдварлах цар тахлын тав дахь давалгаа Токио 2020 наадмын үеэр эхэлж болзошгүйг анхааруулж байгаа юм.

 

                                                                                        Эх сурвалж: AFP