Уржигдар /2021.07.07/ 15:00 цагийн орчимд Улаанбаатар хотын ихэнх хэсэг болон зарим аймгуудад цахилгаан эрчим хүч олон цагийн турш тасарсан.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний яамнаас өчигдөр /2021-07-07/ цахилгаан тасарсантай холбоотойгоор мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ “Гурвалжингийн гүүрний ойролцоо цахилгаан дамжуулах агаарын шугамын 29-р тулгуурт барилгын тугалган цаастай 13 метр урттай материал тохогдсоноос богино холболт үүсч, цахилгаан эрчим хүч тасарсан" хэмээн тайлбарласан.
-ЭД МӨРИЙН БАРИМТ БОЛОХ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АВЧ ЯВЖЭЭ-
Иймд манай сурвалжлах баг өчигдөр /2021.07.08/ цахилгааны гэмтэл гарсан газрыг зорьсон юм. Гурвалжингийн гүүрний дэргэд байх барилгын материалын захын ажилчдын хэлж буйгаар "Хэрэг явдал болсон өдрийн 15:00 цагийн орчимд ямар нэг зүйл дэлбэрч буй мэт маш хүчтэй дуу чимээ гарсан. Иймд бид ТЭЦ-4 цахилгаан станц дэлбэрэв үү, юу болов" хэмээн ярилцаад өнгөрсөн хэмээн өгүүлсэн юм.
Ингээд манай сурвалжлах баг цахилгааны гэмтэл болсон газарт очиход "цахилгааны шонд тээглэсэн гэгдэх эд зүйлсийг авч цагдаагийн байгууллагаас авч явсан бололтой, эд мөрийн баримт байхгүй", харин тэр хэсгийн орчныг сайтар цэвэрлэсэн байв. Тодруулбал, 13 метрийн урттай гэгдэх тугалган цаасаар бүрхэгдсэн сендвичэн барилгын материал байхгүй байлаа. Учир нь зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, "осол болсон цэгт цагдаагийн байгууллага шалгалт хийж, ослын шалтгааныг тогтоож, эзэн холбогдогчийг нь олж хуулийн хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байгаа" гэсэн юм. Тухайн газрын эргэн тойронд хүнд тоног төхөөрөмж бүхий үйлдвэрүүд, барилгын материалын цех, орон сууцны хороолол гэх мэт хүн олноор бөөгнөрсөн суурьшлын бүс бий болжээ.
-ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ЗУРВАС ГЭЖ ЮУ ВЭ-
Харин тус цахилгааны гэмтлийн гол шалтгааныг албаны эх сурвалж, "Эрчим хүчний хамгаалалтын зурваст барилга барьсантай холбоотой" хэмээн тайлбарлаж буй юм. Тэгвэл эрчим хүчний шугам сүлжээний аюулгүй ажиллагааг хангах, хүн, амьтан осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгаан дамжуулах сүлжээний ойролцоо тодорхой заасан журмын дагуу хамгаалалтын зурвас тогтоодог байна. Мөн хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, гэр, хашаа барих, шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог ажээ. Гэвч энэ бүсэд шатамхай, барилгын материал үйлдвэрлэх цэг олон буй нь асуудал дагуулж байгаа ажээ. Хамгаалалтын зурваст хориглох зүйлс:
- Дэд станц, хуваарилах байгууламж нь ой, тариа, ногооны талбайд байрласан тохиолдолд түүний эргэн тойрон 25 м газарт ой байлгах, үр тариа, төмс хүнсний ногоо тариалах,
- Хамгаалалтын зурвас дотор барилга байгууламж, орон сууц, хашаа гэр барих,
- Шугам сууц эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулах,
- Цахилгаан шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн горим, ажиллагааг алдагдуулах үйл ажиллагаа явуулах.
110 кВ-ийн хүчдэл бүхий шугам байгаа тохиолдолд хүн амьдардаггүй орчинд шугамын захын утаснаас хоёр тийш 20 метр зайг хамгаалалтын зурвас хэмээн тооцно. Өөрөөр хэлбэл энэ зурваст үйл ажиллагаа явуулах, үйлдвэрлэл эрхлэх, цахилгааны утас татах зэрэг нь хориотой юм. Гэвч гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах энэ бүсэд хамгаалалтын зурвас тогтоох журам хэрэгжихгүй болжээ.
-ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦЫН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСТ АМЬДРАХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ-
Сүүлийн үед ард иргэд энэхүү бүсд суурьших, ААН байгууллагууд барилга барих, газар шорооны ажил хийх, үйлдвэрлэл эрхлэх зэргээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь ихсэж байгааг МХЕГ-аас сануулсаар ирсэн. Нэгэн үед үерийн аманд, намаг бүхий нам доор газарт зөвшөөрөлгүй гэр барих асуудал нийслэл хотын тулгамдсан асуудал болж байв. Тэгвэл үүнтэй адил газар олдохгүйн улмаас эрчим хүчний хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй аж төрөх иргэд ч нэмэгдсээр байгаа нь үерийн уснаас ч илүү ноцтой аюул учруулж болзошгүй юм.
Хамгаалалтын зурвас газарт цахилгаан соронзон орны нөлөөлөл их байдаг учраас тэнд удаан хугацаанд амьдарч, ажиллаж буй иргэд зүрх судас, тархины эмгэг өвчтэй болох магадлал өндөр байдаг.
Түүнчлэн цахилгаан дамжуулах шугам нь ашиглалтын явцад элэгдэж хуучирна, гадны механик нөлөө болох хүчтэй салхи, шуурга, цохилтод шууд өртөх магадлалтай. Энэ тохиолдолд бэхэлгээ нь гэмтэх улмаар тулгуур унах, хүчдэлтэй утас тасрах нөхцөл үүсвэл маш аюултай юм.
-ХУУЛИА МӨРДӨХГҮЙ БОЛ АХИН ЦАХИЛГААНЫ ГЭМТЭЛ ҮҮСЭХ МАГАДЛАЛТАЙ-
Энэ сарын 7-ны өдөр болсон цахилгааны шугам сүлжээний гэмтэлд нөлөө үзүүлсэн гэх барилгын материал агаарын тулгуур шугамд хийсч очсон нь эргээд хамгаалалтын зурвас байрлах газарт хэт ойр барилгын үйл ажиллагаа явуулж буйтай ч холбоотой. Энэ журмыг мөрдөж, зөвшөөрөл авахдаа хуулийн дагуу шийдэхгүй бол нэгт барилгын ажил явуулж буй байгууллагын хариуцлагагүйгээс болж ахин өөр нэг тулгуур шугамыг гэмтээж олон бүст цахилгааны хомсдол үүсгэхийг үгүйсгэхгүй юм. Мөн тухайн орчинд амьдарч буй иргэдийн эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тооцогдоно. Шинээр орон сууц худалдан авах, зуслангын газарт хашаа байшин барих, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авахдаа заавал холбогдох мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч хамгаалалтын зурвасаас хол зайг сонгох хэрэгтэй.
Жишээлбэл 2018 оны 8 дугаар сард ЧД-ийн 16-р хороо Согоотын 50-р гудамжинд байрлах Гурван хишиг ХХК барилгаа хамгаалалтын зурваст оруулан өргөтгөсөн нь цахилгаан дамжуулах агаарын шугамын доод утаснаас 1.3 метрийн зайтай байсан аж. Улмаар тус компанийн ажилтан 37 настай эрэгтэй дэлгүүрийн хаяг сольж байхдаа 10 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын утсанд толгойгоо шүргэснээр хүчдэлд цохиулж хөл нь түлэгдэн эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай хэрэг гарсан. Барилгаа хамгаалалтын зурваст оруулан өргөтгөснөөр хууль зөрчөөд зогсохгүй, бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулсан байна.