Өчигдөр/2021-07-07/шөнө Хаити улсын ерөнхийлөгч Жовенел Мойсег үл мэдэгдэх зэвсэглэсэн этгээдүүд гэрт нь буудан хөнөөсөн байна.
Тус халдлагын үеэр тэргүүн хатагтай шархдаж, АНУ-ын Флорида мужид эмчлүүлэхээр хүргэгджээ. Ингэснээр Хаити улсын ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф эх орондоо онц байдал зарласан байна.
Жовенел Мойсе нь дэлхийн хамгийн буурай орнуудын нэг Хаитиг 2017 оноос хойш удирдаж байгаа юм. Мөн тус улсад төрийн эргэлт, улс төрийн тогтворгүй байдал, аллага хүчирхийлэл тасардаггүй аж.
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф мэдэгдэхдээ аллагыг үйлдсэн этгээдүүд хоорондоо Англи, Испани хэлээр харилцаж байсан тул тэднийг гадаад улсын мэргэжлийн алуурчид гэж таамаглаж байгаагаа хэлсэн юм.
Мөн зэвсэгт этгээдүүд нь АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны (DEA) нэрийг барьж ерөнхийлөгчийн ордонд нэвтэрсэн гэсэн мэдээлэл гарчээ.
Одоогоор Хаити даяар олон хүн цугларахыг хориглож, зэвсэгт хүчнийг нийгмийн дэг журам сахиулах ажиллагаанд дайчилсан байна. Гэвч ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозефт хэр их эрх мэдэл байгаа нь эргэлзээтэй хэвээр байгаа юм..
Үүнтэй холбогдуулан АНУ-ын засаг захиргаа ерөнхийлөгч алагдсанд эмгэнэл илэрхийлж сонгуулийг энэ онд багтаан явуулж, эрх мэдлийг тайван замаар шилжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Аллага гарсны дараа Хаититай нэг арал дээр оршдог хөрш Доминиканы Бүгд Найрамдах Улс хилээ хаажээ.
Эх сурвалж: BBC